Энэ онд газрын тос, байгалийн хийн үнэ үргэлжлэн өссөнөөр “Saudi Aramco” компанийн III улирлын цэвэр ашиг хоёр дахь дээд түвшиндээ хүрсэн байна.
Цэвэр ашиг нь 41.6 тэрбум ам.доллар болсон нь шинжээчдийн тооцоолж байснаас бага зэрэг өндөр дүн боллоо. Тус компанийн ашиг өмнөх улиралд оргил түвшиндээ хүрч, 48 тэрбум ам.доллар хүрч байснаас буурсан бол өмнөх оны мөн үеэс 40 хувиар өсжээ. Харин улирлын ногдол ашгийн хувьд өөрчлөлтгүй байгаа бөгөөд 18.8 тэрбум ам.долларыг хуваарилсан байна.
Газрын тосны үнэ энэ оны гуравдугаар сард сүүлийн 14 жилийн дээд түвшинд хүрч байснаасаа буураад байгаа юм. Инфляц эрчимжиж, улс орнууд мөнгөний бодлогоо чангатгаж байгаа нь эдийн засгийн өсөлтийг сааруулж байна. Хэдий тийм боловч брент төрлийн газрын тосны фьючерс үнэ энэ онд 20 хувиар өсөж, баррель нь 93.5 ам.доллар орчимд хэлбэлзэж байгаа юм.