
Зургийг: С.Батсайхан
Санхүүгийн зохицуулах хороо ээлжит хурлаараа Монгол Улсын анхны финтек компани гэж тооцогддог “МОСТ финтек” ХХК-ийн нийтэд санал болгон гаргаж буй үнэт цаасыг бүртгэжээ. "МОСТ Финтек" нь төлбөр тооцооны сүлжээний оператор компани бөгөөд 2008 онд Монголд төлбөр тооцооны дэд бүтцийг бүтээн байгуулах зорилгоор үйл ажиллагаагаа эхлүүлж байсан аж.
Банк, санхүү, финтек, Төрийн үйлчилгээ, бизнесийн бүх салбарын байгууллагууд дунд гүйлгээ боловсруулан дамжуулах, төлбөр тооцооны цогц шийдлээр хангах, "big data" дээр суурилсан үнэлгээ гаргаж өгөх зэрэг дундын дэд бүтэц эко системийг бий болгосон "МОСТ Финтек" ХХК Монголын үнэт цаасны зах зээлд дижитал шилжилтийг нэвтрүүлээд байгаа юм.
Үүнээс гадна тус хурлаар уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжааны зуучлагчийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг нэг компанид олгохоор шийдвэрлэсэн байна. Өмнө нь түүхий эдийн биржийн арилжаанд брокероор оролцох эрхийг “Голомт Капитал ҮЦК” болон “Ти Ди Би Секьюритис ҮЦК”-иудад олгоод байв.