Аравдугаар сард Япон улс ам.долларын эсрэг иений ханшийн уналтыг зогсоохын тулд 6.3 их наяд иен буюу 42 тэрбум ам.доллар зарцуулсан байна.
Даваа гарагт тус улсын Сангийн яам есдүгээр сарын 29-ний өдрөөс хойших Төв банкны гүйлгээг ил тод болгожээ. Мөнгөн гүйлгээнээс харвал аравдугаар сарын 21-ний өдөр ойролцоогоор 37.2 тэрбум ам.долларын гүйлгээ хийсэн байна. Үүнийг Япон улсын Төв банк хамгийн сүүлийн интервенц хийхэд зарцуулсан гэж үзэж байгаа аж.
Аравдугаар сарын 24-ний өдөр иений ханш огцом хэлбэлзсэн бөгөөд хөрөнгө оруулагчдын хувьд тус улсын Засгийн газраас хэр ойр давтамжтай арилжаанд оролцож, цаашдаа хэр удаан интервенц хийх талаар таамаг дэвшүүлсээр байна.
Японы Төв банкны мөнгөн хөрөнгөд 10 их наяд иений нөөц байгаа аж. Тиймээс дунд хугацаанд дахин 3-5 удаа интервенц хийж магадгүй гэж гэж “Itochu Research Institute”-ийн эдийн засагчид онцоллоо.
Япон улсын Засгийн газраас сүүлийн нэг сар гаруйн хугацаанд валютын гүйлгээнд оролцсон талаар албан ёсны мэдээлэл гаргаагүй байна. Тэдний хувьд есдүгээр сарын 22-нд сүүлийн 24 жилийн хугацаанд анх удаа иен худалдан авч, интервенц хийнэ гэдгээ зарласан юм.
Есдүгээр сард хийсэн 2.8 их наяд иений интервенц нь ханшийн уналтыг удаашруулж чадаагүй юм. Токио хотод даваа гаригийн орой 1 ам.долларыг 148.57 иенээр арилжиж байсан байна. Есдүгээр сарын байдлаар Япон улсын гадаад валютын нөөц ойролцоогоор 1.24 их наяд ам.доллар байжээ. Хэдий тийм боловч тус улсын Сангийн яамны Валют хариуцсан ахлах ажилтан Масато Кандагийн хэлснээр “Цаашид шаардлагатай интервенц хийх хангалттай эх үүсвэр Япон улсад байгаа” аж.
Цаашид иений ханш ам.долларын эсрэг сулрах хандлага өөрчлөгдөх төлөвгүй байна. АНУ болон Япон улсын бодлогын хүүгийн түвшний зөрүү нэмэгдэх тусам иен ам.долларын эсрэг илүү суларна гэж шинжээчид үзэж байна.
Энэ долоо хоногт л гэхэд АНУ-ын Холбооны Нөөцийн банк бодлогын хүүгийн түвшнээ дахин нэмэгдүүлэх шийдвэр гаргаад байгаа юм.