Зургийг: Cole Burston/Bloomberg
АНУ чухал ашигт малтмалын нарийвчилсан заалтууд бүхий худалдааны гэрээг Япон, Их Британи болон Европын Холбоотой байгуулахаар судалж байгааг ойрын эх сурвалж мэдээллээ. Энэ нь гол үйлдвэрлэлийн салбаруудад БНХАУ-ын нөлөөллийг сөрөх тус улсын хамгийн сүүлийн арга хэмжээ болж байна. Тодруулбал: АНУ Европын Холбоо, “Их 7”-ийн бүлгийн гишүүн орнуудтай хамтран “Чухал ашигт малтмалын худалдан авагчдын бүлэг” байгуулахаар төлөвлөснийг албаныхан мэдээлэв.
Энэхүү алхам нь “Чухал ашигт малтмалын худалдан авагчдын бүлэг”-ийн гишүүд орнууд, ялангуяа сэргээгдэх эрчим хүчний чиглэлд хамтран ажиллаж буй орнууд чухал ашигт малтмалын худалдаанд БНХАУ-аас хамааралтай байдлаа арилгахад түлхэц болох аж.
Газрын ховор элементүүд, лити, кобальт зэрэг ашигт малтмалууд нь цахилгаан автомашин, батлан хамгаалахын технологийн үйлдвэрлэлд гол үүрэгтэй тул стратегийн томоохон ач холбогдолтой гэж тооцогддог. АНУ болон холбоотон орнуудын болгоомжлолыг нэмэгдүүлж буй гол хүчин зүйл нь чухал ашигт малтмалын арвин нөөцтэй БНХАУ-ын геологийн давуу тал, түүнчлэн бусад үйлдвэрлэгчидтэй урт хугацааны нөхцөлтэй гэрээ байгуулах алхмууд, цаашлаад хоёр талын харилцаанд хямрал үүссэн тохиолдолд АНУ-д очих нийлүүлэлтийн таслах боломжтой байдал болоод байна.
АНУ-ын хувьд Европын Холбоо, Их Британи, Японоос гадна Австрали, БНСУ зэрэг улсыг багтаасан Ашигт малтмалын аюулгүй байдлын түншлэл зэрэг гэрээ хэлцлүүдээр дамжуулан чухал ашигт малтмалын нийлүүлэлтийн сүлжээг найдвартай болгох хүчин чармайлт гаргасаар ирсэн юм.