Зургийг: parliament.mn
Чуулганы нэгдсэн хуралдаанаар УИХ-ын Сонгуулийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүллээ. Энэ хүрээнд ажлын хэсгээс бэлдсэн зарчмын зөрүүтэй 60 орчим саналын томьёоллоор нэг бүрчлэн санал хураалт явуулсан байна.
Сонгуулийн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төсөлд тусгаснаар жагсаалтаар сонгох 48 гишүүний сурталчилгааг тухайн нэр дэвшүүлж буй нам нэгдсэн байдлаар хариуцаж хийнэ гэсэн заалт оруулжээ. Мөн сонгуульд оролцож буй нам, эвсэл нь нийт зардлынхаа 15 хувиас хэтрэхгүй хэмжээний зардлыг цахим орчинд зарцуулах зохицуулалтыг тусгасан байна.
Сурталчилгааны хэвлэмэл материалын хэмжээг хоёр дахин багасгаж, нэгдсэн самбартай болгож, ухуулагчдын тоог 40 орчим хувиар, ухуулагчийн урамшууллын зардлыг хоёр дахин бууруулах зохицуулалтуудыг тусгасны үр дүнд сонгуулийн нийт зардал 42-45 хувиар буурах боломжтой гэж ажлын хэсэг мэдээллээ. Тухайлбал: сонгуулийн сурталчилгааны хамгийн өндөр зардлуудын нэг болох ухуулагчийн урамшууллыг бууруулж, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 50 хувиас хэтрэхгүй гэж өөрчлөхөөр тусгажээ.
Намын санхүүжилтийн хувьд нам эвсэл намын гишүүн, дэмжигчээсээ мөнгөн болон мөнгөн бус хөрөнгө, үйлчилгээ, барьцаа, дэнчин авахыг хориглох, санхүүжилтээ ил тод, нээлттэйгээр босгож, зардлаа “шилэн” байдлаар тайлагнахыг тус тус оруулж өгсөн гэж тайлбарлалаа.
Мөн эмэгтэйчүүдийн оролцооны түвшнийг өмнөх 20 хувийн квотоос нэмэгдүүлж, 30 хувиар тусгасан болохыг ажлын хэсгийн гишүүд мэдээлэв.