
Зургийг: Peter Boer/Bloomberg
Хөрөнгийн зах зээлд хачирхалтай зүйл тохиолдож байна. Эдийн засгийн төлөв бүрхэг байх мянган шалтгаан оршиж, тэр дундаа АНУ-ын эдийн засаг уналтын ирмэгт тулсан хэвээр байхад технологийн салбарын хувьцаануудын ханш улам цойлох болов. Үүний шалтгаан нь мэдээж хиймэл оюун.
Он гарсаар "Nasdaq 100" индексэд багтдаг компаниудын зах зээлийн үнэлгээ дөрвөн их наяд орчим ам.доллароор өссөн нь цар тахлын огцом өсөлтийн үеэс дутахааргүй өндөр дүн болж байна. 2023 онд "Nasdaq 100" индекс 31 хувийн өсөлттэй байгаа бол "S&P 500" индекс 11 гаруй хувиар өсөхөд технологийн хувьцаанууд гол жин даржээ. Сүүлийн байдлаар технологийн хувьцаануудын ханш ногоон бүс дэх арилжаа үргэлжилснээр "S&P 500" индекс өнгөрсөн оны аравдугаар сарын доод түвшнээс 20 хувиар буюу “бух зах зээл”-ийн босгыг давж өсөөд байна.
Технологид чиглэсэн хөрөнгө оруулалтын сангууд тавдугаар сарын сүүлийн долоо хоногт 8.5 тэрбум ам.долларыг хөрөнгө оруулагчдаас татсан нь дээд үзүүлэлт болсныг "Bank of America"-ийн шинжээчид тооцоолжээ.
Зах зээлийн хөөсрөлтийг улам томруулдаг сонгодог хүчин зүйл бол FOMO буюу хоцрогдохоос айх айдас. Интернэтийн тэсрэлт, криптогийн алтан үеийн нэгэн адил хиймэл оюуны эргэн тойронд ч энэхүү үзэгдэл ихээр ажиглагдаж байна. Энд зөвхөн FOMO ч биш, харин FOBR буюу орлуулагдахаас айх айдас явж байгаа болохыг “StoneX Financial”-ийн шинжээч Винсент Делуард онцолж байна.
"Хиймэл оюун дэлхийг эзэлж, миний ажлыг булаах нь гэж бүгд сандарч байна. Үүнээс сэргийлж, хеджинг хийх ганц арга зам тэрхүү хиймэл оюуныг өөрийг нь эзэмших явдал. Тиймээс л бүгд “Nvidia”, “Microsoft”-ийн хувьцааг худалдаж авч байна" хэмээн тэрбээр онцолжээ.
Тавдугаар сарын эцсээр "Хиймэл оюуны долоо хоногууд" жинхэнэ утгаараа эхэлж, өмнө нь зах зээлийн төлөвт төдийлөн найдлага тавихгүй байсан хөрөнгө оруулагчдын хүлээлт асар хурдтай эргэсэн юм. Тодруулбал: хиймэл оюунт процессорын эрэлтийн ачаар “Nvidia”-ийн борлуулалтын төсөөлөл шинжээчдийнхээс хол давж, улмаар зах зээлийн үнэлгээ нь нэг их наяд ам.доллар дөхсөн байна. Тус компанийн Гүйцэтгэх захирлын таамагласнаар генератив хиймэл оюуны программуудыг байршуулахын тулд удахгүй дэлхий даяарх дата төвүүдэд нүсэр шинэчлэлт хийгдэх аж. Түүнчлэн генератив хиймэл оюуны зах зээл 2032 он гэхэд 40 хувиар тэлж, 1.3 их наяд ам.доллар хүрэх төлөвтэй байгааг “Bloomberg Intelligence” тооцоолжээ.
"Тоолшгүй олон сонирхолтой санаа бүхий элемент зах зээлд үргэлж байж л байдаг. Хэдий тийм боловч тэнд үнэхээр мөнгө эргэлдэж байгааг, бизнесийн үйл явц, ажлын урсгалд ямар нөлөө үзүүлэх гэж байгааг үнэхээр харуулж чадвал өөр хэрэг. Яг одоо хүмүүс тэрхүү нөлөөг нь харж байна" гэж "New York Life Investments"-ийн эдийн засагч, стратегич Лаурен Гудвин онцолж байна.