Зургийг: Anindito Mukherjee/Bloomberg
Дэлхийн хэмжээнд биет алтны биржээр арилжаалагддаг сангуудын (ETF) хөрөнгийн гарах урсгал нэгдүгээр сард 1.6 тэрбум ам.доллар хүрч, нийт нөөц нь 0.8 хувиар буюу 26 тонноор буурч 3446 тонн болсон үзүүлэлттэйгээр 2023 оныг эхлүүлж байгааг Дэлхийн алтны зөвлөл сүүлийн тайландаа мэдээлсэн байна.
Хэдийгээр нэгдүгээр сард алтны үнэ 6.1 хувиар өсөж, сүүлийн 10 жилийн ижил хугацаан дахь дээд түвшинд хүрсэн ч Европ, Азийн алтны ETF-үүдийн гарах урсгал Хойд Америк болон бусад бүсүүдийн эрэлтийн эерэг үзүүлэлтээс хол илүү гарсан байгаа юм.
Ам.долларын ханш суларч, бодлогын хүү тогтворжсон нь алтны үнийн өсөлттэй давхацсанаар Хойд Америкийн сангуудад эерэг нөлөө үзүүлж, хөрөнгийн нийт орох урсгал нь 572 сая ам.доллар хүрсэн аж.
Нэгдүгээр сард Европын сангуудад гарах урсгал 2.1 тэрбум ам.доллар хүрснээр алдагдал ес дэх сардаа дараалан үргэлжилжээ. Европын Төв банкнууд АНУ-ын Холбооны Нөөцийн банктай зэрэгцүүлэн бодлогын хүүгээ өсгөснөөс гадна валютын ханш болон дотоодын хөрөнгийн зах зээл чангарсан нь хөрөнгө оруулагчдын анхаарал алтны биржээр арилжаалагддаг сангуудаас холдоход нөлөөлсөн байж болохыг Дэлхийн алтны зөвлөл онцолж байна.
Харин Ази тивд БНХАУ-ын сангуудын гарах урсгал нэгдүгээр сард 200 сая ам.доллар хүрснээр бүс нутгийн нийт үзүүлэлт болох 246 сая ам.долларт голлох жин даржээ. Тайлант хугацаанд “CSI300” индекс долоон хувиар өссөний сацуу юанийн ханш ам.долларын эсрэг чангарсан нь хөрөнгө оруулагчдын сонирхлыг бууруулсан байж болзошгүй байгаа аж.