logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Эдийн засаг
    Нийтлэлийг хуваалцах
    Х.Солонго
    БНХАУ хэдийгээр үүд хаалгаа нээсэн ч жуулчдын тоо цөөн хэвээр байна
    Нийтэлсэн огноо: 2023 оны 08 сарын 17 16:47
    383

    Зургийг: Qilai Shen/Bloomberg

    БНХАУ цар тахлын өмнө жилд дунджаар 136 сая жуулчин хүлээн авдаг байжээ

    БНХАУ-д зуны улирал сүүлийн дөрвөн жилд анх удаа цар тахлын ямар ч хориг хязгааргүй үргэлжилж байна. Бээжингийн “Хориотой хот” зэрэг түүхийн дурсгалт газруудын тасалбар хормын дотор зарагдаж дуусаж, гудамж талбайд хүмүүс багширч, метроны буудлууд урьд өмнөхөөсөө ч илүү пиг дүүрэн байна. Харин гаднын жуулчид л цөөн байх ажээ. 

    “Эдгээр өдрүүдэд та “Хориотой хот” руу явбал ихдээ л 20, 30 орчим  гаднын жуулчин олж харах байх. Энэ нь ихдээ орно. Ихэнх хүмүүс БНХАУ руу бизнесийн зорилгоор ирдэг. Магадгүй ойр зуур жаахан зугаалдаг л байх. Одоогийн гаднын жуулчдыг цар тахлын өмнөх үетэй харьцуулах юм биш. Тэр үеийн 20 орчим хувьтай л тэнцэх байх” хэмээн БНХАУ-ын нийслэл дэх аяллын хөтөч Жэй Ли онцолж байлаа. 

    БНХАУ цар тахлын өмнө жилд дунджаар 136 сая жуулчин хүлээн авдаг байлаа. Тэгвэл өдгөө олон улсын нислэгийн тоогоо нэмэгдүүллээ ч жуулчдын тоо эрс өсөх, эсвэл өмнөх үеийн хэмжээ рүү дөхөхөд хол байна. 

    Саяхан БНХАУ болон АНУ хоёр талын нислэгийн тоогоо аравдугаар сарын эцсээр долоо хоногт 24 болгон нэмэгдүүлэхээр тохиролцжээ. Урьд нь хоёр улсын хооронд долоо хоногт 340 нислэг хийгддэг байсан аж.

    “American Airlines” компаниас лхагва гарагт “Bloomberg”-т өгсөн ярилцлагадаа ирэх онд Даллас-Шанхай хотын хоорондох нислэгээ долоо хоногт гурваар нэмэгдүүлэхээ мэдэгдэж байлаа. 

    БНХАУ мөн АНУ, Австрали, Их Британи, БНСУ, Япон зэрэг улс руу бүлгээр аялахыг хорьсон хоригоо саяхан цуцалж, хилийн чанад дахь аяллуудаа нээлттэй болгосон юм. Гэвч цар тахал тус улсын эдийн засаг болон сэтгэл зүйд сэв суулгаснаас хойш хүн ам нь ерөнхийдөө аялахаас тээнэгэлзэх хандлагатай болсон тул дээрх арга мөн л үр дүн багатай байхаар байна. 

    “Dragon Tail International” компанийн дөрөвдүгээр сард явуулсан судалгаанаас харахад хятад иргэд хилийн чанад руу аялахгүй байгаагийн гол шалтгаан нь аюулгүй байдалдаа санаа зовниж байгаатай холбоотой гэнэ. Тэд гаднын орнууд өөрсдийг нь найрсгаар угтахгүй байх гэсэн айдастай болсон аж. 

    Мөн аяллаас тээршээх бусад гол шалтгаан нь эрүүл мэнд, визийн асуудал, материал бүрдүүлэлт болон өндөр зардал байгаа нь тус компанийн графикаас харагджээ. Мөн өнгөрсөн дөрөвдүгээр сард явуулсан дээрх судалгаанд оролцогчдын 58 хувь нь 2023 онд Эх газрын Хятадаас огт гарахгүй, гадаад руу аялах эсэхээ шийдээгүй байгаа гэсэн хариулт өгчээ. 

    Түүнчлэн БНХАУ-ын эдийн засаг удаашралтай байгаа нь иргэдийг бүсээ чангалахад хүргэж байна. Тэд гэрээсээ хол бус газар аялж амрахаар төлөвлөж байгаа аж.

    Cэтгэгдэл бичих