logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Ногоон хөгжил
    Нийтлэлийг хуваалцах
    Б.Бат-Очир
    Агаарын хэмийн өөрчлөлт аль хэдийн сүйрэл дагуулж эхэлснийг нотлох 4 жишээ
    Нийтэлсэн огноо: 2023 оны 08 сарын 17 16:35
    824

    Зургийг: Jose Cendon/Bloomberg

    Өнгөрсөн онд зөвхөн Европ тивд багадаа 60 мянга гаруй хүний нас баралт агаарын хэт халуун хэмтэй холбоотой байжээ

    Уур амьсгалын өөрчлөлтөөс дэлхийн өнцөг булан бүрд мэдрэгдэж буй нийтлэг нэгэн нөлөө нь температурын өсөлт. Энэ зуныг л харъя. Түүхэнд тэмдэглэгдэж үлдсэн хамгийн халуун  VI, VII саруудыг хүн төрөлхтөн үзлээ. Мөн 2023 он орчин үеийн түүхэн дэх хамгийн их халалттай жил болж үлдэхээр байна. 

    Халуун зунд дассан Багдад, Бээжин, Финикс хот энэ онд бүр ч халуун зуныг өнгөрүүлж байна. Түүгээр зогсохгүй одоо өвөл болж байх ёстой Буэнос-Айрес зэрэг хотод ч аагим халуун өдрүүд ховор бус болжээ. Уур амьсгалын өөрчлөлт хэрхэн жилийн турш дулааралд нөлөөлж байгааг харуулахын тулд эрдэмтэд хонх хэлбэрт Гауссын муруйн хөдөлгөөнийг ашигладаг.

    1900-аад оноос хойш манай гарагийн дундаж температур цельсийн 1.2 хэмээр дулаараад байгаа юм. Ингэснээр муруй бүхэлдээ баруун тал руу шилжиж байгаа нь доорх графикаас харагдаж байна. 

    unnamed.jpg

    Хэдий тийм боловч энэхүү шилжилт нь өдөр болгон бага зэрэг дулаан болсон гэсэн үг биш. Харин хүйтэн өдрийн тоо буурч, халуун өдрийн тоо нэмэгдсэнийг харуулж байна. Мөн жилийн хамгийн хүйтэн өдрүүд өмнөх шигээ хүйтэн биш болж, хамгийн халуун өдрүүд улам халуун болж байгаа юм. Эдгээр өөрчлөлтүүд нь уур амьсгалын өөрчлөлтийн үр дагаврыг улам илэрхий болгож байна.

    "Нэг хэмээр эсвэл хоёр хэмээр дулаарахын нөлөөлөл маш хүчтэй байх боломжтой. Агаарын хэмийн тодорхой хязгаар эвдэгдэх давтамж хэдэн арав дахин нэмэгдэнэ гэсэн үг. Энэ л санаа зовоосон асуудал" хэмээн NASA-ийн Годдард Сансар судлалын хүрээлэнгийн захирал Гавин Шмидт өгүүлжээ. Харин Франц улсын Шинжлэх ухааны үндэсний төвийн профессор Камиль Пармезан "Дэлхийн дундаж температурын бодит өсөлт нь агаарын хэмийн эрс тэс байдлаар мэдрэгдэх болно" гэж тайлбарласан байна.

    unnamed (1).jpg

    Энэ зун бид үүнийг л харж байна. Энэ халалт нь зүгээр ч нэг тухгүй биш харин үхлийн аюултай. Өнгөрсөн онд зөвхөн Европ тивд наанадаж 60 мянга гаруй хүний нас баралт хэт халуун температуртай холбоотой байжээ. Хүйтрэх нь багасаж, халах нь нэмэгдсэнээр ургамал, амьтны амьдралаас эхлээд аж үйлдвэрлэл хүртэл бүхий л талбарт хор хөнөөл дагуулж байна. Асуудлыг улам тодорхой харуулахын тулд дараах дөрвөн жишээг танилцуулъя.

    Зуны хэт халалт Францын цөмийн эрчим хүчний үйлдвэрлэлийг бууруулж байна

    Ус өндөр хэмтэй байх нь дулааны цахилгааны станцын үйлдвэрлэлд, мөн уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх чухал шийдэл болох атомын цахилгаан станцын үйлдвэрлэлд сөрөг нөлөөтэй. Тэр дундаа "нээлттэй хөргөлт" буюу "нээлттэй цикл" ашигладаг атомын станц нь реакторуудаа хөргөхийн тулд ойролцоох усны нөөцөөс хамааралтай байдаг. Станцад ирж буй ус хүйтэн байх тусам хөргөлт илүү үр дүнтэй байх нь мэдээж. Түүнчлэн хөргөлтөд ашиглагдаад усан санд буцан нийлж буй усны хэм хэт өндөр байх нь усан доорх амьдралд аюултай тул зохицуулагч байгууллагууд ийм тохиолдолд станцуудыг үйлдвэрлэлээ бууруулах шаардлага тавьдаг байна. 

    Нийт цахилгаан эрчим хүчнийхээ 70 хувийг цөмийн эрчим хүчнээс хангадаг Франц улс голын ус халахын сөрөг нөлөөг хангалттай мэдэрч байна. Өнгөрсөн сард Францын Төрийн өмчит "Electricite de France" компани ойролцоох Рон мөрний усны температур өндөр байгаа шалтгаанаар Бугейн атомын цахилгаан станцын үйлдвэрлэх хүчин чадлыг түр хугацаанд бууруулахаа зарлаж байв.

    2000 оноос хойш Европ даяарх атомын цахилгаан станцын зогсолтын 0.1 хувь нь хэт халалтаас үүдэлтэй байсан бол Францад энэ нь 0.15 хувь байдгийг "QuantifiedCarbon" компани онцолжээ.

    Хэт халалт Флоридагийн шүрэн хаднуудыг гэмтээж байна

    "Далай доорх ширэнгэн ой" гэгддэг шүрэн хаднуудад далайн амьтны нийт зүйлийн 25 хувь нь амьдардаг, эсвэл очдог гэсэн судалгаа бий. Тэгвэл шүрэн хадан дээр амьдардаг замаг нь шүрнүүдийг өнгөтэй болгоод зогсохгүй идэш тэжээл, энергийн ихэнх хувийг нь хангаж өгдөг байна. Харамсалтай нь шүр ч тэр, замаг ч тэр температурын өсөлтөд маш мэдрэмтгий аж. Усны хэм нэмэгдэх үед замаг шүрийг гэмтээх эрсдэлтэй тул шүр нь "цайралт" хэмээх процессыг өөр дээрээ явуулдаг байна. Тодруулбал: "цайралт"-ын шүр замгийг устгадаг учраас шүрэн хаднууд цагаан өнгөтэй болж хувирдаг. 

    Цайрсан шүр нь хэдий амьд боловч удаанаар харангадаж үхнэ гэсэн үг юм. Флоридагийн эргийн шүрэн хаднуудад "цайралт" эрчимжихэд далайн гадаргын температур сарын дунджаасаа цельсийн нэг хэмээр өсөхөд л хангалттай аж. Гэтэл энэ зун Флоридагийн эрэг орчмын усны температур дундаж үзүүлэлтээсээ бүр гурван хэмээр илүү байжээ. "USGS"-ийн Эргийн ба далайн судалгааны хүрээлэнгийн эрдэмтэн Лаурен Тот тэрхүү бүсийн усанд шумбалт хийхдээ хохирол ямар түвшинд хүрснийг анх харсан байна. Долоодугаар сарын 18-нд шумбалт хийснийхээ дараа тэрбээр "Тэр чигтээ цав цагаан болчихсон байсан. Тэр хэсэгт ганц ч шүр аврагдаагүй мэт санагдсан" гэжээ.  

    Дулаан өвөл АНУ-д ойн хортон шавж ихээр тархахад таатай орчин бүрдүүлж байна

    АНУ-ын өмнөд хэсэгт тархсан ойн хортон шавж болох өмнөдийн нарсны цох (Dendroctonus frontalis) өвлийн улиралд тийм ч хүйтрэхээ больсноос улбаалан хойд зүг рүү хил хязгаараа тэлэх болжээ. Ширхэг будааны чинээ өчүүхэн биетэй боловч нарсны цох нь модонд хамгийн хөнөөлтэй хортон шавжуудын нэгт тооцогддог бөгөөд олон мянгаараа нийлээд нэг нарс модыг хэдхэн өдрийн дотор үхүүлдэг байна. 

    Харин агаарын температур цельсийн хасах 10 хэмээс хасах 18 хэмийн хооронд байвал тэрхүү цох хөлдөж үхдэг. Гэтэл Америкийн зүүн эрэг дагуу хүйтрэх нь багасах тусам нарсны цох хойд зүг рүү "давшиж", өдгөө бүр Нью-Хэмпшир, Мэйн, Нью-Йорк мужад бүртгэгдсэн байна.

    Хавар дулаарсан нь Энэтхэгийн улаан буудайн үйлдвэрлэлийг бууруулж байна

    БНЭУ өнгөрсөн онд улаан буудайн ургацаа эрс нэмэгдүүлж, экспортоо түүхэн дээд хэмжээнд хүргэнэ хэмээн тооцоолж байсан ч хэт халалт бүгдийг өөрчилжээ. Тус улсын улаан буудайн тариалалтын дийлэнх хувийг бүрдүүлдэг хойд бүс нутагт халуун өдрүүд хэвийн мөчлөгөөсөө хэдэн сарын өмнө буюу хоёрдугаар сарын сүүлээр эхэлсний зэрэгцээ Энэтхэгийн хэд хэдэн бүсэд энэ оны гуравдугаар сар түүхэнд байгаагүй өндөр хэмийн халуун байсан нь бүртгэгджээ. 

    Тавдугаар сарын эцсээр халууны давлагаа дуусахдаа улаан буудайн болц гүйцэж, ургац хураах цагтай давхацсан байна. Улаан буудай нь бусад ургамлын нэгэн адил хэт халуун цаг агаарт фотосинтезээ бууруулдаг тул сахар, цардуулын агууламж нь дагаад буурдаг. Өндөр температурт удаан байх тусам шим тэжээл нь алдагдаж, яваандаа үхэж эхэлдэг байна.

    Өнгөрсөн онд БНЭУ-д яг энэ зүйл тохиолджээ. Ялангуяа тавдугаар сард нөхцөл байдал асар хүндэрч, тус улс иргэдийнхээ хэрэгцээг найдвартай хангахын тулд улаан буудайн экспортын дийлэнх хувьд хориг тавьж байсан юм.

    Захра Хиржи

    Cэтгэгдэл бичих