Зургийг: С.Батсайхан
“Монголын Хөрөнгийн бирж” ХК Шанхайн Хөрөнгийн биржтэй хамтран ажиллах хүрээнд хоёр зах зээлийг холбосон “ETF” буюу биржээр арилжаалагддаг санг нэвтрүүлэх чиглэлээр хамтран ажиллах, мөн энэ онд Монголын хөрөнгийн зах зээлийг Шанхайн хөрөнгө оруулагчдад сурталчлах арга хэмжээг зохион байгуулахаар тохиролцлоо.
“Монголын Хөрөнгийн бирж” нь Шанхайн Хөрөнгийн биржтэй хамтын ажиллагааны санамж бичиг байгуулаад байгаа бөгөөд энэ хүрээнд шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээ хамтран хөгжүүлж нэвтрүүлэх, хоёр улсын зах зээлийг сурталчлах үйл ажиллагаа зохион байгуулах, харилцан ашигтай бусад холбогдох арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэхээр зөвшилцжээ.
Шанхайн Хөрөнгийн бирж нь БНХАУ-ын хамгийн том хоёр Хөрөнгийн биржийн нэг бөгөөд олон улсад IPO-ийн хэмжээгээрээ тэргүүлдэг бол зах зээлийн үнэлгээгээрээ гуравдугаарт, арилжааны эргэлтээр тавдугаарт эрэмбэлэгддэг байна.