
Украины дайны үр нөлөөлөл дэлхий даяар хүчтэй мэдрэгдэж, ялангуяа “Их 20”-ийн бараг бүх орнуудын өсөлтийн төсөөллийг бууруулсны зэрэгцээ цаашид Төв банкнуудын бодлогын хүү дахин нэмэгдэх хүлээлтийг бий болгосныг Эдийн Засгийн Хамтын Ажиллагаа, Хөгжлийн Байгууллага (ЭЗХАХБ) онцоллоо.
Парист төвтэй тус байгууллага даваа гарагт хийсэн мэдэгдэлдээ дэлхийн эдийн засгийн 2023 оны өсөлтийн төсөөллийг өмнөх 2.8 хувиас 2.2 хувь болгон бууруулсан байна. Мөн ирэх онд дэлхийн үйлдвэрлэлийн гарц 2021 оны төсөөллөөс харьцангуй бага буюу 2.8 их наяд ам.доллартой тэнцэхээр байгааг мэдэгджээ.
Харин “Их 20”-ийн гишүүдээс Индонез улсаас бусад бүх орнуудын өсөлтийн төсөөллөө бууруулаад байгаа аж.
ОХУ Украинд халдан довтолсноос үүдэлтэй эдийн засгийн цохилт эрчим хүчний хомсдолыг дагуулж, дэлхий даяар амьдралын өртгийн хямрал бий болгосон нь ЭЗХАХБ-ын төсөөллөөс тодорхой харагджээ. Хэрэглээний үнийн өсөлтийг хазаарлахын тулд улс орнуудын Төв банкнууд зөвхөн энэ сард бодлогын хүүгээ нийлээд 2000 гаруй суурь нэгжээр өсгөсөн ч энэ нь одоохондоо хангалттай бус болохыг тус байгууллагын эдийн засагчид онцолж байна.
“Эн тэргүүнд хөгжингүй орнуудад мөнгөний бодлогыг үргэлжлүүлэн чангаруулах хэрэгтэй. Хөгжиж буй орнууд ч мөнгөний бодлогоо эргүүлэн сулруулах тал дээр яарахгүй байх хэрэгтэй гэдэг нь илт” хэмээн ЭЗХАХБ-ын Ахлах эдийн засагчийн үүрэг гүйцэтгэгч Алваро Перейра “Bloomberg”-т өгсөн ярилцлагадаа дурджээ. Түүнчлэн төсвийн бодлого мөнгөний бодлоготой уялдах нь маш чухал бөгөөд төсвийн дэмжлэг нь зөвхөн зорилтот бүлэгт чиглэсэн, түр хугацааны байх ёстойг тэрбээр онцолсон байна.
Украины дайнтай холбоотой удаашрал хамгийн мэдэгдэхүйц ажиглагдсан нь Европ тив болохыг ЭЗХАХБ тодотгож байна. Жишээлбэл: тивдээ хамгийн томд тооцогддог ХБНГУ-ын эдийн засаг ирэх жил 0.7 хувиар агших төлөвтэй байгаа аж. Мөн түлшний хомсдол, ялангуяа байгалийн хийн хомсдолын нөлөөлөлд үндэслэн Европын эдийн засгийн 2023 оны өсөлтийн төсөөллийг 1.25 нэгж хувиар бууруулж, инфляцын төсөөллийг 1.5 нэгж хувиар нэмэгдүүлсэн байна.
Түүнчлэн АНУ-ын эдийн засаг ирэх жил ердөө 0.5 хувиар тэлэх төлөвтэй байгаа аж. Харин БНХАУ-ын хувьд цар тахлын хөл хорио, үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн хямралаас үүдэн эдийн засгийн өсөлт нь 3.2 хувь болж саарахаар байгаа ч бодлогоор дэмжих замаар өсөлтийг сайжруулах боломжтойг дурдсан байна.