
Австрали болон Торонтогийн Хөрөнгийн биржид бүртгэлтэй "Xanadu Mines" компани 2022 оны бүтэн жилийн тайлангаа танилцууллаа. 2022 оны эцсийн байдлаар тус компанийн бэлэн мөнгөний нөөц 0.1 сая австрали доллар болж, өмнөх онд 3.3 сая австрали доллар байснаас буурсан байна. Үүнд хайгуулын зардлаас гадна ерөнхий бөгөөд удирдлагын зардал нөлөөлжээ.
БНХАУ-ын алт, зэсийн тэргүүлэх үйлдвэрлэгчдийн нэг “Zijin Mining Group”-ээс стратегийн түншлэлийн хүрээнд гол төсөл болох “Хармагтай” төслийн санхүүжилт авах талд ахиц гаргасан байна.
Сүүлийн байдлаар “Zijin Mining Group” 35 сая ам.долларын санхүүжилт олгохоор тохиролцжээ. Хамтын ажиллагааны хүрээнд “Хармагтай” төслийн Техник Эдийн Засгийн Үндэслэлийн судалгааг хийж 2024 оны эцсээр танилцуулахаар байна.
“Xanadu Mines” компани 2023 оны нэгдүгээр сард бусад хөрөнгө оруулагчдаас 1.13 сая австрали доллар босгосон юм. Мөн 2023 оны гуравдугаар сард “Zijin Mining Group”-ийн хэлцлийн хоёрдугаар шатны хүрээнд 7.16 сая австрали доллар татжээ. Тус компани “Хармагтай”-аас бусад хайгуулын, хөгжүүлэлтийн төсөлдөө нэмэлт хөрөнгө оруулалт татах шаардлагатай болж магадгүй байгаатай холбоотойгоор суурь зардлаа бууруулж, уян хатан байхыг зорьж байгаа аж.
“Xanadu Mines” компанийн эрсдэлийн менежментийн хөтөлбөр нь бүхэлдээ зах зээлийн эрсдэл, өрийн эрсдэл, хөрвөх чадварын эрсдэлд төвлөрч байгааг тайланд онцолжээ.