- Хоёр орны худалдааны талаар ярилцлагаа эхэлье. Австрали бол Монгол Улсын худалдааны чухал түншүүдийн нэг төдийгүй гуравдагч хөрш. Гэхдээ худалдааны тоон үзүүлэлтүүдийг харвал хоёр орны худалдаа бусад гол түнш улсынхтай харьцуулахад тийм ч их байж чадахгүй байна. Таны хувьд хоёр орны худалдааны харилцааг нэмэгдүүлэх боломж хэр харагдаж байна?
- Юуны өмнө энэ онд Австрали, Монгол Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой тохиож буйг дурдмаар байна. 50 жил гэдэг маш чухал ач холбогдолтой ой. Энэ хугацаанд манай хоёр улсын харилцаа олон үйл явдлыг туулж өнөөг хүрсэн гэж бодож байна. Австрали улс Монголын хувьд гуравдагч хөрш гэдгээрээ бахархдаг. Мөн Монгол Улстай түншлэлийн харилцаагаа өргөжүүлсэн. Сүүлийн жилүүдэд хоёр орны хооронд өндөр дээд түвшний айлчлалууд цөөнгүй хийгдсэн ба 10-15 жилд харилцан Элчин сайдын яамдаа нээхэд хоёр тал ихээхэн анхаарсан.
Худалдаа, хөрөнгө оруулалтын талд хоёр орны харилцаа бат бөх гэж харж байна. Гэхдээ энэ харилцааг өргөжүүлж, өсөн нэмэгдүүлэх боломж олон бий. Хоёр орны худалдааны нийт эргэлт жилд дунджаар 45 сая гаруй ам.доллароор хэмжигддэг. Харин үйлчилгээний худалдаа үүнээс харьцангуй илүү буюу жилд 170 сая ам.доллар байна. Тэгэхээр үүнээс Монгол Австралийн үйлчилгээг түлхүү авдаг болох нь харагдаж байна. Ялангуяа уул уурхайн салбарт. Австралийн "ноу-хау", Австралийн технологи зэрэг үйлчилгээний үнэ цэн өндөр байна.
Нөгөө талаас Австралийг чиглэсэн Монгол Улсын үйлчилгээний худалдаа 12 сая ам.доллароор хэмжигдэж байна. Энэ тохиолдолд Австрали дахь Монголын ажиллах хүч, хүний нөөцийг илэрхийлж байна гэсэн үг. Тэгэхээр манай хоёр улсын худалдаа, хөрөнгө оруулалтын харилцааг өргөжүүлэх, өсөн нэмэгдүүлэх боломж бололцоо маш өндөр гэж бодож байна.
- Монголоос Австрали руу гаргах экспортыг нэмэгдүүлэхийн тулд ямар төрлийн бүтээгдэхүүний экспортод түлхүү анхаарах хэрэгтэй вэ?
- Бараа, бүтээгдэхүүний хувьд манай хоёр улсын эдийн засаг хоорондоо олон талаар төстэй. Тийм учраас харилцан экспортлох бараа, бүтээгдэхүүн цөөн гэсэн үг. Гэхдээ харилцан хөрөнгө оруулах боломж маш их бий. Ялангуяа Монголд. Австралиас Монголд хөрөнгө оруулахад уул уурхайн салбарт хөрөнгө оруулах боломж өндөр гэж бодож байна. Монгол бол Австралитай адилхан байгалийн баялгийнхаа хишгийг ихээр хүртдэг орон. Сүүлийн үед манай хоёр улс уул уурхай, чухал ашигт малтмалын салбараа хөгжүүлэхэд ихээхэн анхаарч байна. Тэгэхээр Австралийн компаниудын хувьд Монголд илүү их боломж бий.
Үүнээс гадна бид хөдөө аж ахуйн салбарт хамтран ажиллах боломжтой. Мөн л Австрали, Монгол Улс хоёулаа эдийн засагт эзлэх хөдөө аж ахуйн салбарын хэмжээнд ихээхэн анхаардаг. Австрали бол хуурайшилттай нутаг. Гэхдээ фермийн аж ахуйн арвин туршлагатай орон. Монгол ч гэсэн усны нөөцийн тал дээр асуудалтай. Иймд хөдөө аж ахуйн салбарт хуваалцах туршлага, мөн Австралиас Монголд хөрөнгө оруулах боломж их байгаа болов уу?
Харин Австрали руу гаргах бүтээгдэхүүний хувьд Монгол Улс ноолуураараа маш алдартай. Австралид аль хэдийн дэлгүүрээ нээж, бизнесээ эхлүүлсэн Монголын хэд хэдэн компанийг би мэднэ. Тэгэхээр энэ салбарыг түлхүү хөгжүүлэх нь чухал гэж бодож байна.
- Логистикийн асуудал худалдаанд хэрхэн нөлөөлж байна вэ?
- Миний хувьд Монголд ирээд хоёр сар хагас л болж байна, тийм ч удаагүй. Монгол Улсад үйл ажиллагаа явуулдаг Австралийн олон компанитай холбогдож, ярьсан. Компаниуд гадаадын шууд хөрөнгө оруулалт, үүнд ямар сорилтууд тулгарч байгаа талаар санал бодлоо илэрхийлсэн. Гадаадын компаниуд шинэ зах зээлд орж үйл ажиллагаа явуулахад үргэлж хэцүү байдаг шүү дээ. Тиймээс Австралийн худалдааны Комисс эдгээр компаниудад шинэ зах зээлд ороход нь тусалж, зах зээлийн талаар мэдээлэл олгох, зөвлөх зорилготойгоор үйл ажиллагаагаа явуулдаг. Эдгээр компанийн дийлэнх нь тээвэр, логистикийн хувьд хүндрэлтэй байгаа талаар дурдсан. Гэвч Монгол Улсын хүний нөөцийн талд ам сайтай байдаг. Ажиллах хүчний нөөц, боломж бололцоо, ажиллах хүсэл эрмэлзэл гээд тэр тухайд их сайн гэж өндрөөр үнэлдэг. Энэ нь компаниуд Монголд үйл ажиллагаа явуулахад нэг том давуу тал болдог.
Одоогоор Монголд салбартай мөн үйл ажиллагаа явуулж байгаа Австралийн 16 компани байна. Тэгэхээр логистикийн асуудлын тухайд ахиц гарч байгааг компаниуд мэдээлсэн. Мөн хөрөнгө оруулалтын тухай хуульд өөрчлөлт орж, энэ өөрчлөлтөд дасан зохицох нь сорилт болж байгааг хэлсэн. Гэхдээ мэдээж тодорхой ахиц гарч байгаа. Мөн Австралиас илүү олон компани энд ирж, үйл ажиллагаа явуулах хүсэлтэй байгаа нь тодорхой.
- Хөрөнгө оруулалтын орчин болон хууль эрх зүйн орчны зохицуулалт ямар байна гэж та харж байна вэ? Ялангуяа уул уурхайн салбарт. Монгол Улсын Засгийн газар Хөрөнгө оруулалтын тухай хуулийг сайжруулахаар шинэчилсэн найруулга дээр ажиллаж байгаа шүү дээ.
- Гадаадын хөрөнгө оруулалтыг татахын тулд хөрөнгө оруулалтын талд боломжит бүх арга хэмжээг авч байгаа гэж харж байна. Гол нь хөрөнгө оруулагчдад Монголд ирж, хөрөнгө оруулах итгэлийг бий болгох нь чухал. Улс төрийн тогтвортой байдал их чухал, татварын систем ил тод, тодорхой байх нь чухал. Тээвэр, логистик, боловсон хүчний ур чадвар мөн маш чухал. Монгол Улсын хувьд энэ бүх хүчин зүйлсийг харгалзан хөрөнгө оруулдаг.
Түүнчлэн хөрөнгө оруулагчдын хардаг гол чиглэл, хүчин зүйлүүдийг тодорхой болгосноор гадаадын хөрөнгө оруулагчдыг илүүтэй татах боломжтой. Уул уурхайн салбарын хувьд нийгэм, байгаль орчны зохицуулалтын бүтэц, тогтолцоо чухал ач холбогдолтой. Учир нь эдгээр чиглэлүүд маш эмзэг. Тиймээс уул уурхайн үйл ажиллагааг хөгжүүлж, сайн хийхээс гадна орон нутгийн иргэдтэй зөвшилцөж, үйл ажиллагаандаа хамруулж, тэнцвэртэй байлгаснаар орон нутгийн иргэд үр өгөөжийг нь хүртэнэ.
Монгол Австралийн хоорондоо төстэй өөр нэг салбар бол соёлын өвийг хамгаалах. Уул уурхайн төслүүд манай хоёр орны эдийн засагт асар их ач холбогдолтой. Хэдий тийм боловч соёлын өвийг хамгаалах нь орхигдуулж болохгүй асуудал. Энэ хоёрыг тэнцвэржүүлэх хэрэгтэй. Австрали улс энэ чиглэлд сорилтуудтай тулгарч буй ч өнөөг хүртэл маш их зүйл суралцсан.
- Австралийн хэд хэдэн компани Монголын уул уурхайн салбарт үйл ажиллагаагаа явуулж байна. Австралийн хөрөнгө оруулагчдын хувьд Монгол шиг улс орнуудад хөрөнгө оруулахдаа юуг чухалчилдаг вэ?
- Австралийн компаниудын хувьд тухайн орны ажиллах хүчний ур чадварыг хардаг болов уу гэж бодож байна. Мөн тогтвортой байдлыг харна. Үүнд зөвхөн улс төрийн тогтвортой байдал бус хууль эрх зүйн орчин хамаарна. Хөрөнгө оруулагчтай холбоотой маргаан үүслээ гэхэд хуулийн дагуу шийдвэрлэх боломжтой эсэхийг баталгаажуулахыг хүсдэг. Тэдний эрх ашгийг хамгаалж чадах тодорхой, ил тод, хүчтэй шүүхийн тогтолцоог эрхэмлэдэг. Тиймээс ил тод, нээлттэй хууль эрх зүйн орчин чухал. Монголд ийм систем байгаа гэж бодож байна.
Монгол болон Австрали бол ардчилсан нийгэм цэцэглэн хөгжиж байгаа орнууд. Монголд иргэний нийгэм, олон нийтийн байгууллагууд чухал үүрэгтэй.
- Австралийн уул уурхайн компаниудын дунд нүүрсний давхаргын метан хийн чиглэл эрэлттэй байх шиг байна. Энэ салбарыг ихэд сонирхож байгаа нь харагдаж байна. Монгол Улсын хувьд энэ чиглэлд цар хүрээгээ хэрхэн тэлэх вэ? Австрали улс метан хийн арвин нөөцтэй шүү дээ.
- Метан хий эрчим хүчний салбарт хамаарна. Тэгэхээр нүүрснээс метан хий гарган авч, хэрхэн эрчим хүч үйлдвэрлэх вэ гэдэг маш чухал. Австралийн хөрөнгө оруулалтын тухайд одоогоор дөрвөн компани энэ чиглэлд хөрөнгө оруулаад байна. Эдгээр компаниуд хайгуулын эхний шатандаа буюу дөнгөж үйл ажиллагаагаа явуулж эхлээд байна. Гэхдээ Монголын зах зээлд үйл ажиллагаа явуулж байгаа нь сайн хэрэг. Мөн үүнийг эрчим хүчний шилжилтэд чиглэж буй алхам гэж харж байна. Манай хоёр орон сэргээгдэх эрчим хүч рүү шилжих шилжилтийн үед яваа.
Эрчим хүчний үйлдвэрлэлийн хувьд нүүрсний цахилгаан станцаас өндөр хамааралтай байгаагаараа адил төстэй. Гэхдээ манай хоёр улс эрчим хүчний эх үүсвэрээ өөрчлөх чиглэлд амлалт өгсөн ба Монгол Улсад, энэ чиглэлд хийж буй хөрөнгө оруулалтууд сэргээгдэх эрчим хүчний салбар руу шилжих шилжилтэд хөтөлж байгаа гэж бодож байна.
Түүнчлэн Монголд метан хийн салбарыг өргөжүүлэх нөөц бололцоо бий. Энэ чиглэлд хайгуулын лиценз олгож эхэлсэн нь зөв алхам болсон гэж бодож байна. Олон төрлийн боломжуудыг нээж, сайн үр дүн гаргахад хайгуулын ажил маш чухал гэж бодож байна.
- Монгол болон Австрали улс аль аль нь уул уурхайн бүтээгдэхүүн экспортолдог. Гэхдээ Австралитай харьцуулахад Монгол Улсад одоо ч дутагдалтай талууд байна. Монгол Улс Австралийн ямар сайн жишээнээс суралцаж болох вэ?
- Австрали улс нүүрсний экспортоор дэлхийд тэргүүлэгчдийн нэг. Мөн төмрийн хүдэр, литийн экспортоор тэргүүлэх байр суурьтай, чухал ашигт малтмалын нөөц ихтэй. Сүүлийн жилүүдэд чухал ашигт малтмалын салбарт илүү их анхаарал хандуулах болсон. Хэдэн сая жилийн настай тив гэдэг утгаараа Австрали улс чухал ашигт малтмалын арвин нөөцтэй. Мэдээж энэ талаараа Монголтой адил. Монгол Улс ч мөн чухал ашигт малтмалын арвин нөөцтэй. Манай улсын хувьд чухал ашигт малтмалын стратегиа шинэчилж, сайжруулж байгаа. Гэхдээ энэ нь урсгалаараа яваад бүтчих зүйл биш. Засгийн газраас хөрөнгө оруулалт шаардлагатай. Австралийн Засгийн газар яг энэ зарчмаар ажиллаж байна. Мөн энэ чиглэлд сурч мэдсэн зүйлс олон.
Австрали улсын хэрэгжүүлж буй томоохон ажлуудаас дурдвал бид чухал ашигт малтмалын санхүүжилтийн агентлаг байгуулсан. Нийт хоёр тэрбум ам.долларын сан нь компаниудыг энэ чиглэлийн төслүүдэд хөрөнгө оруулахад дэмжлэг үзүүлнэ. Өөрөөр хэлбэл тухайн төсөлд хөрөнгө оруулж буй компаниудад тулгарч болох эрсдэлийг бууруулж, төслөө хэрэгжүүлж эхлэхэд нь тусална гэсэн үг.
Үүнээс гадна судалгаа болон хөгжүүлэлт, үйлдвэрлэлийн чиглэлд хөрөнгө оруулж байна. Учир нь ашигт малтмалыг зөвхөн олборлоод зогсохгүй боловсруулах, үйлдвэрлэх явцыг хөгжүүлэх зорилготой. Мөн урамшуулал, татаас олгож байгаа. Ингэж байж чухал ашигт малтмалын салбарт шинэ санаачилга, инновацыг эрчимжүүлэх юм.
Чухал ашигт малтмал бол ирээдүйн гол түүхий эд. Технологи, батлан хамгаалах, цахилгаан автомашин, цэнэг хураагуурын салбар гээд чухал ашигт малтмал ирээдүйд нэн шаардлагатай болно. Дээр нь ажиллах хүчний ур чадварыг сайжруулахад хөрөнгө оруулалт хэрэгтэй. Эрчим хүчний шилжилттэй адил үйлдвэрлэл болон шаардлагатай ур чадвар хоорондоо ялгаатай. Тиймээс ур чадварт зайлшгүй хөрөнгө оруулах хэрэгтэй.