Дэлхийн Төв банкнууд инфляцын эсрэг тэмцлээ хараахан орхих болоогүй тул 2023 онд дийлэнх орнуудад бодлогын хүү оргил түвшиндээ хүрэхээр байгаа ч тодорхой цаг үед мөнгөний хатуу бодлого завсарлаж, тэр ч байтугай эсрэг чиглэлд хөдлөх төлөвтэйг “Bloomberg”-ийн шинжээчид онцолж байна.
Үнийн дарамтыг багасахын тулд 2022 онд бодлогын хүүгээ сүүлийн 40 гаруй жилд байгаагүй түвшинд нэмэгдүүлээд байгаа АНУ-ын Холбооны Нөөцийн банкны тэргүүн Жером Пауэлл, Европын Төв банкны Ерөнхийлөгч Кристин Лагард нарын хувьд энэ оны эхний саруудад мөнгөний бодлогоо улам чангаруулах гол бодлого тодорхойлогчдод тооцогдож байна.
Үүнээс гадна “Bloomberg”-ийн судалгаа явуулсан бусад 21 улсын Төв банкны 10 нь бодлогын хүүгээ өсөх төлөвтэй байгаа бол ес нь бууруулж, хоёр нь хэвээр үлдээхээр байна. Нэгтгэн тооцож үзвэл дэлхийн хэмжээнд бодлогын хүү III улиралд зургаан хувь буюу оргил түвшиндээ хүрээд 2023 оны эцэст 5.8 хувь болж буурах аж. Өөрөөр хэлбэл оны эхэнд 5.2 хувь байсан бодлогын хүү 2001 оноос хойших хамгийн өндөр түвшинд хүрч өсөх юм байна.
Хэдий тийм боловч Япон, БНХАУ-ыг эс тооцвол 2022 онд бараг нийтээрээ бодлогын хүүгээ нэмэгдүүлээд байсан дэлхийн Төв банкнуудын мөнгөний бодлого энэ онд тодорхой хэмжээнд эсрэгцэхээр байгааг дээрх тооцоолол мөн харуулж байна. Тухайлбал: БНХАУ-аас гадна Канад, ОХУ, Бразил энэ онд бодлогын хүүгээ дахин бууруулна гэж тооцоолжээ.
Бодлогын хүү улам чангарч, эрэлт хумигдах, эдийн засаг уналтад орох эрсдэл үүссэнээр Төв банкнууд шийдвэр гаргахад улам хэцүү болж магадгүй аж.
Инфляцын өсөлт даамжирсан 2022 онд Төв банкнуудад бодлогын хүүгээ өсгөх цорын ганц гарц үлдсэн байхад энэ бүгдийг тооцоолоогүй нь хөрөнгө оруулагчдын хамгийн том алдаа болсон байна. 2023 онд уналтын эрсдэлтэй зэрэгцэн инфляц хэдий өндөр ч буурах чиглэлтэй байх тул мөнгөний чанга бодлогын сөрөг нөлөөлөл мэдрэгдэж эхэлнэ” хэмээн “Bloomberg”-ийн Ахлах эдийн засагч Том Орлик онцлов.