
Зургийг: MIAT Mongolian Airlines
Шинэ чиглэлүүд
1.17 их наяд ам.доллароор үнэлэгдэх дэлхийн агаарын тээврийн салбарын суудал дүүргэлт дөнгөж өнгөрсөн сард л цар тахлын өмнөх буюу 2019 оны түвшиндээ эргэн хүрээд байна. Энэ онд нэг сая жуулчин хүлээн авах зорилт тавьсан Монгол Улсад он гарсаар зочилсон гадаадын иргэдийн тоо аравдугаар сарын сүүлийн байдлаар 600 мянга давснаар бүх цаг үеийн дээд амжилтаа эвдлээ. Харьцуулбал цар тахлын өмнө буюу 2019 онд 557 мянга 300 жуулчин хүлээн авсан нь дээд амжилт болж байв.
2023-2025 оныг Монголд зочлох жил болгосны хүрээнд олон орны иргэдийг визийн шаардлагаас чөлөөлж, мөн агаарын харилцааны шинэ хэлэлцээрүүдээр шууд нислэгтэй орнууд, хотуудын тоо нэмэгдэж буй тул ирэх жилүүдэд аялал жуулчлалын зах зээл тэлэхийн сацуу монголчуудын гадаадад аялах хандлага ч өөрчлөгдөх төлөвтэй.
Монгол Улсаас гадаадад зорчсон иргэдийн тоо энэ оны эхний есөн сарын байдлаар давхардсан тоогоор 1.4 сая давсан нь 2022 оныхтой харьцуулахад хоёр дахин өссөн дүн болохыг Үндэсний статистикийн хорооны тайлангаас харж болохоор байна.
"Нээлттэй тэнгэр" бодлогын хүрээнд МИАТ компани 2024 оноос АНУ руу шууд нислэг үйлдэхээр болсон нь тус салбарын хувьд томоохон ахиц байлаа. Сүүлд тус компани АНУ-ын таван хот руу “Cathay Pacific” компанитай хамтарсан нислэг үйлдэхэд бэлэн болсноо зарлаж, аравдугаар сарын 20-ноос тасалбараа борлуулж эхлээд байгаа юм.
Үүнээс гадна монголчууд ихээр оршин суудаг орнуудын нэг Австрали улстай хэлэлцээр байгуулж, шууд нислэгтэй болох ажлыг эхлүүлээд зогсохгүй энэ онд Грек, Катар, Унгар улс руу мөн адил шууд нислэг үйлддэг болох эрх зүйн орчныг бүрдүүлээд байна. Өнгөрсөн долоо хоногт энэхүү шинэ чиглэлүүдийн цувааг Вьетнам улс үргэлжлүүлсэн юм.
Тайландыг орлох сонголт
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн БНСВУ-д хийсэн Төрийн айлчлалын хүрээнд зохион байгуулсан Монгол-Вьетнамын бизнес форумын үеэр тус улсын Нячанг хот руу ирэх сарын 15-наас тогтмол нислэг үйлдэж эхлэх нээлт болсон юм. Вьетнамын аялал жуулчлалын гол бүс болох өмнөд эрэгт байрлалтай Нячанг болон Улаанбаатар хоорондын нислэгийг агаарын тээврийн “Viet-Jet” компани үйлдэх аж.
Ингэснээр хүйтний улиралд монголчуудын дунд нэлээд эрэлттэй болдог Зүүн Өмнөд Азийн аяллын хүртээмж, орон зай улам тэлж, өртөг багатай аялах боломж нэмэгдэж байна. Өнгөрсөн онд л гэхэд энгийн гадаад паспортоор визгүй зорчих боломжтой байдаг Вьетнам улсад 15 мянга орчим монголчууд аялсныг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар онцолж байлаа.
Азийн хамгийн эрчимтэй тэлж буй эдийн засагтай орнуудын нэг Вьетнамын үзэсгэлэнт далайн эргүүд, хоолны баялаг соёл, сонирхолтой түүхтэй хот тосгодод татагдан очих жуулчдын тоо жил ирэх тусам нэмэгдэж, бүс нутгийн аялал жуулчлалын аварга Тайландын хүчтэй өрсөлдөгч болон гарч ирж буй. 2019 онд тус улс 18 сая гадаадын жуулчин хүлээн авсан нь дээд үзүүлэлт болж байсан бол энэ онд найман сая жуулчин хүлээн авах зорилт тавиад байгаа аж.
Цар тахлын дараах аялал жуулчлалын сэргэлтийг эрчимжүүлэх үүднээс Вьетнам улс визгүй зорчуулдаг орнуудын иргэдийн оршин суух хугацааг 45 хоног болгон нэмэгдүүлэхээр хэлэлцэж байгааг “Bloomberg” мэдээлжээ.