Зургийг: Akio Kon/Bloomberg
Иений ам.доллар, евротой харьцах ханш суларч байгаагийн нөлөөгөөр ХБНГУ-ын эдийн засаг 2023 онд Японыг гүйцэж, дэлхийн гурав дахь том эдийн засагтай улс болох төлөвтэй байна. Олон Улсын Валютын Сангаас энэ онд ХБНГУ-ын нэрлэсэн дотоодын нийт бүтээгдэхүүн 4.43 их наяд ам.доллар хүрэх бол Японых 4.23 их наяд ам.доллар хүрнэ гэсэн тооцоо гаргажээ.
Иений евротой харьцах ханш 160 нэгжид ойртсон бол иений ам.доллартой харьцах ханш сүүлийн 33 жилийн доод түвшинд хүрэхэд ойрхон хэвээр байна. Иений евротой харьцах ханш хамгийн сүүлд 2008 оны наймдугаар сард 160 нэгжид хүрч байжээ. Иений ханш суларсан нь Япон, АНУ болон Европын Холбооны хэрэгжүүлж буй мөнгөний ялгаатай бодлогоос шалтгаалж байгаа аж.
Холбооны Нөөцийн банк болон Европын Төв банк бодлогын хүүгээ өсгөх циклээ дуусгасан ч удаан хугацаанд өндөр түвшинд нь хадгална гэсэн хүлээлт иений ханшид дарамт болсон хэвээр байна. Европын Төв банкны ирэх долоо хоногт болох хурлаар бондын өгөөжид тавих хяналтдаа өөрчлөлт оруулж магадгүй гэж таамаглаж байгаа ч бодлогын хүү ирэх жилээс нааш буурахгүй байх төлөвтэй байгаа ажээ.
Японы Сангийн сайд Ясутоши Нишимура Олон Улсын Валютын Сангийн төсөөллийн талаар ямар бодолтой байгаа талаар хэлсэн үгэндээ "Япон улсын өсөлтийн потенциал хоцрогдож, удаашралтай байгаа нь үнэн" гэж онцолжээ. Мөн тэрбээр “Бид удахгүй хэрэгжүүлэх багц арга хэмжээнүүдээрээ дамжуулан сүүлийн 20, 30 жилийн хугацаанд алдсан алдагдлаа эргүүлэн авахыг зорьж байна" гэсэн байна.
Эдийн засгийг эрчимжүүлэх багцад эрчим хүчний татаасыг сунгах зэрэг Японд сүүлийн хэдэн арван жилд байгаагүй өндөр инфляцаас үүдэлтэй амьжиргааны өртгийн хямралыг бууруулахад чиглэсэн арга хэмжээ багтсан гэж Япон улсын Ерөнхий сайд Фумио Кишида мэдэгдсэн юм. Мөн зарим төрлийн татварыг бууруулах, цалингийн өсөлтийг хангах арга хэмжээ авна гэжээ.
Олон Улсын Валютын Сангийн тоо баримтаас харахад ХБНГУ-ын дотоодын нийт бүтээгдэхүүний нэг хүнд ногдох дундаж хэмжээ 52 мянга 824 ам.доллар хүрэх бол Японд 33 мянга 950 ам.доллар хүрэх төлөвтэй байна.