logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Тансаг зах зээл
    Нийтлэлийг хуваалцах
    Б.Бат-Очир
    Хиймэл оюун ашиглан хэлцлүүдийг зуучилдаг 32 настай Шүнсакү Сагами тэрбумтан болоход ойртов
    Нийтэлсэн огноо: 2023 оны 05 сарын 16 16:10
    720

    Зургийг: Shunsaku Sagami/Forbes

    Шүнсакү Сагами: Хэрхэн амжилттай энтрепренер болохыг заасан түүхүүдийг би хүүхэд байхдаа өвөөгөөсөө байнга сонсдог байлаа

    Хүн амын насжилт нэмэгдсээр байгаа Япон улсад бизнес эрхлэгчид, энтрепренерүүдэд тулгамддаг асуудал нь өв залгамжлал болоод байна. Шүнсакү Сагами хэмээх нэгэн залуу Үүсгэн байгуулагч нь тэтгэвэрт гарах дөхөж буй компаниудыг хиймэл оюуны тусламжтай хэлцэлд зуучилж өгөх замаар дээрх төвөгтэй асуудалд шийдэл олдог болжээ.

    Өдгөө 32 настай түүний "M&A Research Institute Holdings" компани өмчийн мэдээллийн санг хиймэл оюунтай хослуулж, жижиг, дунд хэмжээтэй аж ахуйн нэгжүүдийн хэлцлийг зохион байгуулдаг. Чухам энэхүү бизнес тус компанийн хувьцааны ханшийг Токиогийн биржид долоо дахин өсгөж, улмаар Шүнсакү Сагамигийн хөрөнгийн хэмжээ 950 сая ам.доллар хүрч, эрс өсөхөд түлхэц болсон байна.

    Шүнсакү Сагамигийн хэлснээр төрөлх Осака хотдоо ажиллуулдаг үл хөдлөх хөрөнгийн жижиг агентлагтаа бүх амьдралаа зориулсан өвөөгөөсөө тэрбээр энэ бизнесийн санааг авсан аж. Өвөө нь 80-аад насандаа тэтгэвэрт гарах үедээ өв залгамжлагч олж чадаагүй тул компаниа татан буулгахаас өөр аргагүй болж байжээ.

    Удирдлагыг залгамжлан авах хүнгүйгээс болж өдгөө Японд ашигт ажиллагаа бүхий 620 мянган аж ахуйн нэгж татан буугдах эрсдэлд орох төлөвтэй байгааг "M&A Research Institute” дөрөвдүгээр сарын тайландаа дурджээ. Харин Япон улсын Засгийн газрын тооцооллоор эзэмшигч нь 70 болон түүнээс дээш настай жижиг, дунд аж ахуйн нэгжийн тоо 2025 он гэхэд 2.5 сая хүрэхээр байгаа аж. Тэдгээрийн хагас нь дээрх асуудлаар тогтсон төлөвлөгөөгүй байгаа тул хэрэв татан буугдвал 6.5 сая ажлын байр үгүй болж, дотоодын нийт бүтээгдэхүүнд 22 их наяд иен буюу 162 тэрбум ам.долларын хохирол учрах юм.

    Таван жилийн өмнө байгуулагдсанаасаа хойш "M&A Research Institute” нь 115 зөвлөхөөс бүрдсэн 160 гаруй ажилтантай болж, 500 гаруй хэлцэл дээр ажиллаад байгаа аж. Гуравдугаар сар хүртэлх зургаан сарын хугацаанд тус компани нийт 62 гэрээ хийсэн нь 2022 оны ижил хугацаанаас 26-аас нэмэгдсэн үзүүлэлтээс гадна борлуулалт нь хоёр дахин өсөж, 3.9 тэрбум иен хүрчээ. 2020 оны есдүгээр сараар эцэслэсэн санхүүгийн жилд тэд ердөө 376 сая иений борлуулалт хийгээд байсан аж.

    “Хэрхэн амжилттай энтрепренер болохыг заасан түүхүүдийг би хүүхэд байхдаа өвөөгөөсөө байнга сонсдог байлаа. Хожих магадлал нэг хувьтай сугалаа чамд байлаа гэж бодъё. Хэдий чи 99 удаа бүтэлгүйтсэн ч 100 дахь оролдлого дээрээ гарцаагүй хожих болно. Тэгэхээр чадах хүртлээ зүтгээд бай гэж өвөө маань хэлдэг байсан” хэмээн өдгөө  "M&A Research Institute”-ийн 72 хувийг эзэмшиж байгаа Шүнсакү Сагами хэлж байна.

    Шүнсакү Сагамигийн зуучлалын үйлчилгээ нь нэгдэн, нийлэх хэлцлийн зөвлөх үйлчилгээ үзүүлдэг бусад компаниудынхаас өөр арга барилаар явагддаг. Тодруулбал: өргөн хүрээний өгөгдлийн сан ашиглаж тохирох худалдан авагчийг олсны дараа компанийн зөвлөхүүд өөрсдөө яриа хэлэлцээг нь хийдэг тул багадаа зургаан сарын дотор гэрээ бүрэн хийгдэх боломжтой байдаг. Энэ нь энгийн нэгдэн нийлэх хэлцэлд зарцуулагддаг дундаж хугацаанаас бага гэсэн үг юм.

    Төлбөрийг зөвхөн гэрээ хийгдсэний дараа авдаг бөгөөд үнэ нь 500 сая иенээс бага дүнтэй хэлцэлд таван хувь хүртэл байдаг. Сүүлийн улиралд тус компани борлуулалт тус бүрд 60 сая иений орлого дундчилжээ.

    “Илүү өндөр зорилтод чиглэх хүсэлтэй байна. Компани маань улам өсөж, илүү олон хэлцэл амжилттай болгож, энэ нь манай зах зээлийн үнэлгээг ихээр нэмэгдүүлж байж л миний зорилго биелнэ” хэмээн Шүнсакү Сагами онцолж байна.

    Cэтгэгдэл бичих