
Зургийг: tmkenergy.com.au
Австралийн Хөрөнгийн биржид бүртгэлтэй “TMK Energy” компани “Гурвантэс XXXV” туршилтын цооногийн хөтөлбөрийн “Lucky Fox-2” цооногийн өрөмдлөгийг тавдугаар сарын 15-ны өдөр амжилттай дуусгаснаа мэдэгдлээ. 407 метрийн гүнд өрөмдөж, 62 метрийн зузаантай хийтэй нүүрс илрүүлсэн байна.
Одоогийн байдлаар хөтөлбөрийн сүүлийн цооног болох 200 метрийн зайтай “Lucky Fox-3”-ын өрөмдлөгийг ойрын өдрүүдэд эхлэхээр цооногийг зөөвөрлөж байгаа аж.
Өрөмдлөгийн явц дууссаны дараа олборлолтын цооногуудыг гадаргын байгууламжтай холбоно. Холболтууд хийснээр зургаан сарын хугацаанд туршилтын олборлолт явуулах юм байна.
Үр дүн нь Нарийнсухайт бүсийн хөгжүүлэлтийн төлөвлөгөөг боловсруулахад нэмэр болохоос гадна энэ онд хайгуулын ажлаа зүүн тийш үргэлжлүүлэхээр төлөвлөжээ.