
Зүүн Ази, Номхон далайн өсөлтийн төлөвийг дэлхийн эдийн засгийн өсөлт, улс орнуудын санхүүгийн нөхцөл байдал, таваарын үнэ голчлон тодорхойлно гэж Дэлхийн банкны Зүүн Ази, Номхон далайн бүсийн Ерөнхий эдийн засагч Аадитяа Маттоо мэдэгдлээ.
Харин бүс нутагт гурван гол сорилт байгааг онцлов. Үүний эхнийхээр АНУ, БНХАУ-ын харилцаа муудаж байгааг нэрлэлээ. Тэр дундаа дэлхий дахинд инновацад сөргөөр нөлөөлөх, бодлогын тодорхойгүй байдал үүсэх, гуравдагч орнуудын эдийн засагт, худалдаанд сөргөөр нөлөөлөх эрсдэл үүсэж байгааг тодотгов.
Хоёр дахь сорилтоор насжилтыг нэрлэсэн юм. Бүс нутагт ажиллах хүчний хэмжээ буурснаар эдийн засгийн идэвхжил, төсвийн тэнцэл, эрүүл мэндийн үйлчилгээний салбарт сөргөөр нөлөөлнө гэж үзсэн байна. Түүнчлэн харьцангуй "залуу" ажиллах хүчинтэй улсуудтай харьцуулахад орлого бага байгааг онцоллоо.
Гуравдугаарт дасан зохицох асуудлыг хөндлөө. Бүс нутгийн улс орнууд уур амьсгалын асуудалд өртөмтгий байгаа, энэ чиглэлд хөрөнгө оруулах нь эрсдэлийг бууруулж, ашгийг нэмэгдүүлж, нийгэмд сайнаар нөлөөлөх үр дагавартай гэж үзсэн байна.
Эдгээр сорилтоос дүгнээд дөрвөн зөвлөмж боловсруулжээ. Үүнд макро эдийн засгийн реформ буюу өнөөдрийн сэргэлт, маргаашийн өсөлтөд чиглэсэн реформ хийхийг зөвлөж байна. Хоёрдугаарт инновац, үйлдвэрлэлийг дэмжих бүтцийн реформ хийхийг зөвлөв. Гуравдугаарт уур амьсгалын асуудалд чиглэсэн реформ, дөрөвдүгээрт худалдаа, хөрөнгө оруулалт, технологийн урсгал, уур амьсгалын өөрчлөлт зэрэгт хандсан олон улсын хамтын ажиллагааг бэхжүүлэх шаардлагатай гэж дүгнэжээ.
Олон улсад үүсээд буй банкны салбарын хямралын хувьд Зүүн Ази, Номхон далайн бүс нутагт хүчтэй нөлөөлөхгүй байгааг тодотголоо. Хэдий тийм боловч санхүүгийн салбарыг анхааралтай ажиглах шаардлагатай гэдгийг онцолж байна.