БНХАУ-ын эдийн засгаа нээх үйл явцад ахиц гарсан, OPEC-ийн Өргөтгөсөн бүлэг гарцаа тогтвортой болгосон, мөн ОХУ-ын түүхий газрын тосны импортод тавьсан хориг хэрэгжиж эхэлсэн зэрэг хүчин зүйлсээс шалтгаалж газрын тосны үнэ өссөн байна.
Өнгөрсөн долоо хоногт тав орчим хувиар өсөөд байсан “West Texas Intermediate” (WTI) төрлийн газрын тосны үнэ сүүлийн байдлаар баррель нь 81 ам.доллар болж өсжээ.
Ням гарагт газрын тос экспортлогч орнуудын OPEC-ийн Өргөтгөсөн бүлэг болон түнш орнууд үйлдвэрлэлийн гарцаа одоогийн түвшинд хадгалж, дэлхийн зах зээлийн байдлыг ажиглах шийдвэр гаргажээ. Мөн Украинд эзлэн түрэмгийлэл үйлдсэнийх нь хариу арга хэмжээ болгож Европын Холбоо “Их 7”-ийн бүлэгтэй хамтран ОХУ-ын түүхий газрын тосны үнийн дээд хязгаарыг баррель нь 60 ам.доллароор тогтоосны зэрэгцээ даваа гарагаас эхлэн далайн тээврээр дамжих ихэнх импортыг нь хориглосон байна. ОХУ-ын Шадар сайд Александр Новак үнийн дээд хязгаарыг хүлээн зөвшөөрөхгүйгээ илэрхийлсэн бөгөөд тус улс шаардлагатай үед гарцаа бууруулахад бэлэн болохоо мэдэгджээ.
Европ тивд Дэлхийн II дайнаас хойш тохиолдоогүй томоохон зөрчил гарснаас үүдэлтэй зах зээлийн тогтворгүй байдал, мөн инфляцын эрчимтэй өсөлтийг хазаарлах Төв банкнуудын чанга бодлогоос шалтгаалж дэлхийн хамгийн чухал түүхий эд болох газрын тосны үнийн хэлбэлзэл ер бусын өндөртэй жилийг үдэж байна.
Сүүлийн долоо хоногуудад арилжаалагчид БНХАУ-ын COVID-19-ийн тархалттай тэмцэх арга барил хэрхэн өөрчлөгдөж буйг анхааралтай ажиглаж байгаа аж. Тус улсад ховор тохиолдох эсэргүүцлийн жагсаал цуглааны дараа эрх баригчид хязгаарлалтыг сулруулах арга хэмжээ авсан нь эрчим хүчний эрэлт, бусад таваарын зах зээлд эерэг хүлээлт үүсгэсэн юм. Сүүлийн өдрүүдэд Шанхай, Шэньжэнь, Гуанжоу зэрэг томоохон хотод цар тахлын хязгаарлалтаа сулруулаад байна.