logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Ярилцлага
    Нийтлэлийг хуваалцах
    Ж.Зоригт
    Мара Уорвик: Монгол Улс эдийн засгийн шийдэмгий реформ хийх цаг болсон
    Нийтэлсэн огноо: 2022 оны 09 сарын 15 11:03
    255
    Дэлхийн банкнаас Монгол Улсад хэрэгжүүлж буй төслүүд, хот төлөвлөлт, боловсролын асуудлаар Дэлхийн банкны Монгол Улс, БНХАУ, БНСУ-ыг хариуцсан захирал Мара Уорвиктэй ярилцлаа

    - Та одоо Монголын талаар олон талын ойлголт, харах өнцөгтэй болсон байх. Тэгэхээр эн тэргүүнд ямар салбарт анхаарлаа хандуулахыг зорьж байна вэ. 2020 оны байдлаар Монгол Улс ядуурал, авлига зэрэг олон үзүүлэлтээр сүүл мушгиж байна?

    - Үйл ажиллагаа маань түншлэлийн хүрээний дагуу явагдаж байгаа. Сүүлийн нэг жилийн хугацаанд эхний шатны хэрэгжилтийн явцад томоохон амжилтууд гарсан гэж бодож байна. Хэдэн жишээ дурдъя. Стратегийн хүрээнд хэд хэдэн төсөл батлагдсан. Эхнийх нь тээвэр логистик, ялангуяа махны нэмүү өртгийн сүлжээ. Хөдөө аж ахуйн салбарын хөгжил, бүтээмж Монголд маш чухал ач холбогдолтойг бид мэднэ. Үүн дээр анхан шатны судалгаа хийхэд хөдөө аж ахуйн бүтээмжийг сайжруулах хурдыг сааруулж буй нэг томоохон хүчин зүйл нь тээвэр логистикийн салбар байсан. Энэ талд анхаарлыг нэмэгдүүлж, шинэ хөрөнгө оруулалт, санхүүжилт татахад манай төсөл дэмжлэг үзүүлнэ. 

    Бид мөн өмнөх төслийн үргэлжлэл болгож “Ухаалаг засаг” төслийг батлуулсан. Иргэдэд хүргэх Төрийн үйлчилгээг цахимжуулах Монгол Улсын Засгийн газрын ажилд энэ нь дэмжлэг үзүүлэх өмнөх төслийн маань үргэлжлэл байгаа юм. Төрийн үйлчилгээг цахимжуулахад Монгол Улс үнэхээр бусад орнуудаас ч илүү ахиц дэвшилтэй ажилласныг та мэдэх байх. Гэхдээ энэ тал дээр цаашид хийх ажил олон байна. Цахим аюулгүй байдал зэрэг өөр чухал зүйлс бий. Тиймээс энэ төсөл дээрх бидний ажил цаашид үргэлжлэх болно.

    Шинжилгээ судалгааны ажил бас чухал. Бид Төрийн үйлчилгээ, Төрийн албан хаагчдын цалингийн зэрэглэлд хяналт хийж, зөвлөмж өгөх ажлыг эхлүүлээд байгаа. Түүнчлэн хот суурин ба уур амьсгалын өөрчлөлт, дундаж наслалтын хүйсийн ялгаатай байдлыг бууруулах гээд олон хүчин зүйлд миний өмнө дурдсан гурван чухал салбарын хүрээнд төслүүд хэрэгжиж байна.

    - Та хот төлөвлөлтийн чиглэлийн мэргэжилтэн. Таны хэлсэнчлэн Дэлхийн банк түншлэлийн хүрээний дагуу үйл ажиллагаа явуулж байгаа, үүнд Улаанбаатар хотын замын түгжрэлийн асуудал мөн багтаж байна. Таны бодлоор үүнийг шийдвэрлэх ямар гарц гаргалгаа байна вэ?

    - Монгол Улсын хувьд хотын хөгжил гэдэг бол маш чухал сэдэв. Учир нь нийт хүн амын 70 орчим хувь нь суурин газар амьдарч байна шүү дээ. Дашрамд дурдахад хүн амын 50 орчим хувь нь Улаанбаатар хотод амьдарч байна. Тийм ээ, таны хэлсэнчлэн би амьдралынхаа карьерын туршид хот хөгжүүлэлтийн чиглэлд маш олон жил ажиллаж байна. Хот төлөвлөлтийн талд ч тэр, усан хангамж, бохир ус зэрэг хүрээлэн буй орчны үйлчилгээний тал дээр ч ажилласан. Үүнээс гадна би хот, суурин газрын гамшгийн эрсдэлийн менежментийн чиглэлд багагүй ажилласан. Тэгэхээр Монгол Улсын хувьд хотын хөгжил бол том сорилт, түүнчлэн эн тэргүүний зорилт гэж бодож байна. Аль хэдийн өндөр зохион байгуулалттай суурин газруудтай байсан ч маш олон хүн хот руу шилжин суурьшсаар байгааг ойлгох хэрэгтэй.

    Дэлхийн банкнаас гаргасан сүүлийн үеийн судалгаануудын нэг болох Монгол Улсын ядуурлын үнэлгээний судалгаанаас харахад хөдөө орон нутгаас хот руу чиглэсэн шилжилт хөдөлгөөн маш өндөр байгааг харж болохоор байна. Гол сорилт нь орон нутгаас хот руу шилжин суурьшиж байгаа хүмүүсийн дийлэнх нь ядуу бүлгийн хүмүүс байна. Энэ нь суурин газруудын асуудлыг илүү хүндрэлтэй, зохицуулахад төвөгтэй болгож байгаа юм. Эдгээр хүмүүст үйлчилгээ үзүүлэхдээ хотыг хэрхэн зохион байгуулах вэ гэдэг нь өөрөө сорилт.

    Та сая замын түгжрэлийн талаар дурдлаа шүү дээ. Энэ бол Улаанбаатарын хотын хувьд ёстой л сонгодог асуулт гэж бодож байна. Хамгийн сүүлд би долоон жилийн өмнө Улаанбаатарт ирж байсан. Тухайн үед ч замын хөдөлгөөн тийм ч сайнгүй байсан.

    - Одоо ч асуудал хэвээр байна шүү дээ.

    - Тийм ээ, өнөөдөр ч сорилт хэвээр байна. Тэгэхээр таны зөв. Энэ бол чухал ач холбогдолтой асуудал.

    Түншлэлийн шинэ хүрээний хувьд бид энэ асуудлыг шийдвэрлэхэд хэдийн төсөл баталсан байсан. Энэ нь Улаанбаатар дахь хот тээврийн төсөл юм. Төслийн хүрээнд зарим гол замуудыг өргөтгөснөөр авто замуудыг хангалттай багтаамжтай болгоно. Мөн чухал зүйл гэвэл ухаалаг гэрлэн дохионы систем ашиглан, туслах замууд болон уулзваруудыг илүү үр дүнтэй болгох юм. Мөн нийтийн тээврийн үйлчилгээг сайжруулах гэх мэтчилэн олон талт арга барил шаардлагатай. Мэдээж цаг хугацаа шаардагдана. 

    Ялангуяа Улаанбаатар шиг том хотод асуудлыг шийдвэрлэхэд ганц төсөл хэрэгжүүлээд нэмэргүй. Гэхдээ суурийг нь сайн тавьж, цаг хугацааны явцад ахин дэвшиж, тогтвортой хүчин чармайлт гаргаснаар Засгийн газар үр дүнд хүрнэ гэж бодож байна.

    Улаанбаатар хотод зөвхөн түгжрэлийг бууруулахад анхаарч болохгүй. Өргөн хүрээнд аваад үзвэл үйлчилгээний чанар, нөхцөл байдал хүн амд чухал нөлөөтэй. Улаанбаатар хотод болон ялангуяа хотоос гадна бүсэд ус, ариутгалын системийг сайжруулахад анхаарах шаардлагатай. Мөн дулааныг хангах эрчим хүчний  үр ашгийг нэмэгдүүлж, илүү цэвэр, сэргээгдэх эх үүсвэрээс дулаан гаргаж авах. 

    Бас гамшгийн эрсдэлийн менежментийг нэвтрүүлэхэд анхаарах хэрэгтэй. Уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөгөөр бидний ажигласнаар хот, суурин газруудад үер ихээр бууж байна, хур тунадас жилийн тодорхой үеүдэд эрс нэмэгддэг. Тэгэхээр гамшгийн эрсдэлийн менежментийн хүрээнд төлөвлөх болоод дэд бүтцийг хөгжүүлэх талд аль алийг нь анхаарах нь маш чухал.

    Монгол Улсын Засгийн газар энэ талд анхаарч байгааг мэдэж байгаа, Дэлхийн банк гэлтгүй олон байгууллагуудтай хамтран ажиллаж байна. Энэ хүрээнд дэмжлэг үзүүлэхэд анхаарах нь зөвхөн богино хугацаанд төдийгүй урт хугацаандаа их чухал юм.  

    - Геополитик болон цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан эдийн засгийн өсөлтийн төлөв буурсаар байна. Эдийн засгийн өсөлтийн төлөвт ямар хүчин зүйлүүд сөргөөр нөлөөлнө гэж Дэлхийн банк харж байна вэ? Өсөлтийн төлөв буурахаар байгаа юу? 

    - Таны хэлж байгаа яг үнэн. 2022 он дэлхий даяар маш их сорилт дагуулсан жил болж байна. Монгол Улсад ч ялгаагүй. Олон улс орон хоёр хямралтай нүүр тулаад байна. Эхлээд COVID-19, харин одоо бол ОХУ Украины дайн. Ялангуяа Монгол Улсад эдгээр гадаад хүчин зүйлс хүндээр нөлөөлж байна. Хэдий тийм боловч ганц Монгол Улс гэлтгүй олон улс орон үр дагаварт нь өртөөд байгаа.

    Монгол Улсын газар зүйн байрлал өөрөө маш сонирхолтой. Тэгэхээр дээрх хүчин зүйлүүд эдийн засагт нөлөөлөх нь гарцаагүй. Монгол Улсад ирээд талуудтай энэ асуудлыг хэлэлцсэн. Монгол Улс, тэр дундаа Засгийн газар одоогийн нөхцөл байдалд ямар арга хэмжээ авах хэрэгтэй талаар ярилцсан. Бидний зүгээс яг одоо бол шийдэмгий эдийн засгийн реформ хийх мөч гэдгийг хэлсээр байгаа. Энэ нь Монгол Улстай байгуулсан түншлэлийн хүрээтэй ч нийцэж байгаа. Одоо төсвийн менежментийг чадавхжуулах ёстой цаг үе ирээд байна. Төсвийн менежментийг тогтвортой арга замаар, үр дүнтэй хэрэгжүүлэх хэрэгтэй. Мөн эмзэг бүлгийн иргэдийн амьдралд дэмжлэг үзүүлэхдээ яг зорилтот бүлэгт хүрч чадаж байгаа эсэхийг тодруулах хэрэгтэй. Төсөл хөтөлбөрүүд хямралд хамгийн ихээр өртөж байгаа иргэдэд хүрэх ёстой.

    Үүнтэй зэрэгцээд эдийн засгийн төрөлжилт, нийлүүлэлтийн асуудалд маш их анхаарч байна. Түүнчлэн ажиллах хүчний салбар өсөлт гарах боломж бүрдүүлэхэд ч гэсэн. COVID-19-ийн үед олон хүн ажлын байраа алдсаныг бид бүгд мэдэж байгаа шүү дээ. Гэвч үнэндээ энэ хямралыг даван туулах гол үндэс суурь болсон ажлын байрыг нэмэгдүүлэхтэй холбоотой зарим асуудал нь COVID-19 цар тахлаас өмнө ч байсан. 

    Бид ажлын байрны дүн шинжилгээ гэдэг зүйл хийж байсан. Үүгээр ажлын байрны нийлүүлэлт, эдийн засаг хэрхэн ажлын байрыг хэрхэн нэмэгдүүлэх талаар маш гүн түвшинд судалж байна. Судалгаа маань тун удахгүй эцэслэгдэнэ. 

    Энэхүү тайлангийн гол үр дүнгүүдээс онцолбол Монгол Улсад тулгамдаж буй  асуудлуудын нэг нь маш олон тохиолдолд их, дээд, дунд сургуульд оюутан, сурагчдад зааж буй хичээл нь эдийн засаг, үйлдвэрлэл, бизнесийн хэрэгцээтэй нийцдэггүй. Үүнтэй холбоотой зөвлөхөд эдийн засгийн хямралын энэ цаг үе бол реформ хийхэд сайтар анхаарах цаг үе гэж хэлэхээр байна. Энэ чиглэлд бас анхаарч байгаа. Боловсролын салбарт реформ хийж, бизнес, үйлдвэрлэлийн салбаруудтай сайтар уялдуулсан мэдлэг чадварыг боловсролын системээрээ олгодог болоход анхаарах. Ингэж эдийн засгийн хоёр талыг нийлүүлж, холбох хэрэгтэй.

    Тэгэхээр сорилттой цаг үе гэдэгтэй санал нийлж байна. Түүнчлэн Монгол Улсын Засгийн газар, бүхий л талууд урт хугацааны реформ хэрэгжүүлэхэд таатай боломж гэж үзэж байна. Энэ реформ өнөөдөр ч алс хэтдээ бүр ч илүү үр өгөөжөө өгөх юм.

    Cэтгэгдэл бичих