
Зургийг: Oliver Bunic/Bloomberg
БНХАУ-ын “Zijin Mining Group” 3.8 тэрбум ам.доллар зарцуулж, Сербийн зүүн хэсэгт байрлах зэсийн уурхайгаа өргөтгөхөөр төлөвлөгөө боловсруулж байна.
Тус компани хоёр жилийн өмнө 678 сая ам.долларын хөрөнгө оруулалтаар “Cukaru Peki” зэс, алтны уурхайг нээж байжээ. Энэхүү уурхайд хэдэн зуун метрийн гүнд хүртэл олборлолт хийж байсан бол өргөтгөл хийж гүнийг хоёр километрт хүргэхийг зорьж байгаа аж.
Дээрх хэмжээний нөөцөд хүрэхийн тулд ойролцоогоор 3.5 тэрбумаас 3.8 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт шаардагдана гэж тус уурхайгаас мэдэгджээ.
“Zijin Mining Group” нь Конго болон Төвөдийн уурхайнуудад хөрөнгө оруулалт хийж, дэлхийн тэргүүлэх зэс олборлогчдын нэг болоод байгаа юм.
Түүнчлэн тус компани Австрали болон Торонтогийн Хөрөнгийн биржид бүртгэлтэй “Xanadu Mines”-ийн 19.4 хувийг эзэмшиж байгаа бөгөөд зэс-алтны “Хармагтай" төсөлд оролцож буй томоохон компаниудын нэг болоод байна.