
Зургийг: SeongJoon Cho/Bloomberg
Банк санхүүгийн системийн хэмжээнд олгосон ипотекийн зээлийн нийт үлдэгдэл 7.1 их наяд төгрөг давж, өмнөх сараас өссөнийг Монголбанк мэдээллээ. Нийт олгосон зээлийн 54.27 хувь нь Монголын ипотекийн корпорацад шилжсэн зээл байгаа бол 12.87 хувь нь орон сууцны ипотекийн санхүүжилтийн эх үүсвэр байна.
Нийт зээлд эзлэх хугацаа хэтэрсэн зээлийн үлдэгдэл сүүлийн гурван сарын хугацаанд үл ялиг нэмэгдсэн бол чанаргүй зээлийн хэмжээ 1.3 хувьтай байгааг “Тэнхлэг зууч” компанийн III улирлын тайланд дурджээ. Нийт зээлийн 5.84 их наяд төгрөгийг Улаанбаатар хотод олгосон ипотекийн зээл бүрдүүлж байгаагаас 30.8 хувь нь банкны эх үүсвэрээс олгосон байна.
2024 оны төсөвт ипотекийн зээлийн хүртээмжийг орон нутагт нэмэгдүүлэх чиглэлээр хэд хэдэн зохицуулалт тусгасныг Засгийн газар мэдээлж байсан юм. Мөн орон нутагт олгох ипотекийн зээлийн хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр нэг зээлдэгчид олгох дээд хэмжээг 200 сая төгрөг болгон өөрчлөөд байна.
Цаашид Улаанбаатар хотыг орон сууцжуулах чиглэлээр Барилга, хот байгуулалтын яам, БНСУ-ын "Колон глобал корпорэйшн" ХХК-ийн хооронд орлогод нийцсэн "Солонго-1” орон сууцны хороолол барих төслийн гэрээ байгуулаад байна. БНСУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр баригдах “Солонго-1, 2" орон сууц нь Хан-Уул дүүргийн XXI хорооны дэвсгэр, Буянт-Ухаа нисэх онгоцны буудлын зүүн талд 17.5 га талбайд баригдах юм.
5002 айлын орон сууцны төслийг БНСУ-ын “Эксим “банкны Эдийн засгийн хамтын ажиллагааны сан /EDCF/-ийн жилийн 0.15 хувийн хүүтэй, 40 жилийн хугацаатай, 266.9 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр 40 сарын хугацаанд барьж байгуулна гэж Барилга, хот байгуулалтын яам мэдээллээ.