
Зургийг: Maxim Shemetov/Reuters
Байгалийн хий дамжуулах хоолойн "Сибирийн хүч-2" төслийн Монгол дахь бүтээн байгуулалтын ажил 2024 оны эхний улиралд эхлэхээр хүлээгдэж байгааг ОХУ-ын Шадар сайд Виктория Абрамченко мэдэгдлээ. “Одоогоор төслийн урьдчилсан ТЭЗҮ бэлэн болсон бөгөөд зураг төслийг энэ оны эцсээр дуусгаж, ирэх оны эхний улиралд батлах”-ыг тэрбээр онцолж байна.
Зураг төсөл батлагдмагц Монгол дахь бүтээн байгуулалтын ажлыг эхлэхээр байгаа аж. Хэдий тийм боловч бүтээн байгуулалт бага зэрэг хойшилж, 2024 оны эхний хагаст багтан эхэлж магадгүйг тодотгосон байна.
Баруун Сибириэс Монголын нутгаар дайрч БНХАУ руу хүрэх хийн хоолойн хүчин чадал жилд 50 тэрбум куб метр. Хийн хоолойн нийт урт ойролцоогоор 6.7 мянган км бөгөөд үүнээс 2.7 мянга нь ОХУ-ын нутгаар дамжих бол Монголын газар нутгаар 960 орчим км урт үргэлжилнэ. Бүтээн байгуулалтын ажил 2024 онд эхэлснээр 2027-2028 онд ашиглалтад орно гэж тооцоолж байгаа юм.
Өнгөрсөн долоо хоногт ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин “Бүс ба зам” санаачилгын чуулга уулзалтад оролцохоор БНХАУ-д айлчлахдаа “Сибирийн хүч-2” төслийг ахиулах хүлээлттэй байсан ч айлчлалын үеэр ямар нэг бичиг баримтад гарын үсэг зураагүй юм.