2023 оны нэгдүгээр сард улсын нэгдсэн төсөвт 1.1 их наяд төгрөгийн орлого орсон нь өмнөх оны мөн үеэс 25.6 хувиар өссөнийг Үндэсний статистикийн хороо мэдээллээ. Харин улсын төсвийн зарлага 1.11 их наяд төгрөг болсноор төсвийн тэнцэл 31.6 тэрбум төгрөгийн алдагдалтай гарсан байна. Үүнийг өмнөх оны мөн үетэй харьцуулахад 10 дахин буурлаа.
Төсвийн орлогын 90 хувийг бүрдүүлдэг татварын орлого өмнөх оноос 10.7 хувиар өсөхөд орлогын албан татвар, НӨАТ, нийгмийн даатгалын орлого өссөн нь нөлөөлжээ. Харин бусад төрлийн татвар, онцгой албан татварын орлого буурсан дүнтэй гарсан байна.
Улсын нэгдсэн төсвийн зарлага, эргэж төлөгдөх цэвэр зээлийн хэмжээ нэгдүгээр сард 1.1 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 185.5 тэрбум төгрөгөөр буурчээ. Зарлага буурахад урсгал шилжүүлгийн зардал өмнөх оны мөн үеэс 17.2 хувиар буурсан нь голлон нөлөөлсөн байна.
Нэгдүгээр сард улсын нэгдсэн төсвөөс гарсан хүүгийн зардал 8.3 нэгж хувиар өсөж, нийт зардлын 13.7 хувийг бүрдүүлжээ. Мөн улсын төсвөөс татаас хэлбэрээр олгосон зардал нийт дүнгийн хоёр нэгж хувийг бүрдүүлсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 0.2 нэгж хувиар буурсан байна.