logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Технологи ба инновац
    Нийтлэлийг хуваалцах
    Б.Бат-Очир
    Стэнфордыг орхисон 20 настнууд Энэтхэгийн ээлжит “Unicorn”-ийг босгов
    Нийтэлсэн огноо: 2023 оны 08 сарын 28 15:30
    1167

    Зургийг: Zepto

    Өдгөө 20 настай Аадит Палича, Кайваля Вора нар венчур санхүүжилтийн амаргүй нөхцөл байдлыг сөрж, шинэ хөрөнгө оруулалтууд татаж чадсанаар БНЭУ-д ховорхон байдаг 1.4 тэрбум ам.долларын үнэлгээ бүхий компанитай болоод байна

    Хүүхэд ахуйн хоёр найз Стэнфордын их сургуулийн компьютерын шинжлэх ухааны хөтөлбөрийг дундаас нь орхиж, Энэтхэгийн хамгийн залуу “Unicorn” буюу нэг тэрбум ам.доллароос дээш үнэлгээтэй стартапыг босгожээ.

    Аадит Палича, Кайваля Вора нар хүнсний бүтээгдэхүүний шуурхай цахим худалдааны платформ "Zepto"-ийг байгуулахдаа өсвөр насныхан байжээ. Өдгөө хоёулаа 20 настай тэд венчур санхүүжилтийн  амаргүй нөхцөл байдлыг сөрж, шинэ хөрөнгө оруулалтууд татаж чадсанаар БНЭУ-д ховорхон байдаг 1.4 тэрбум ам.долларын үнэлгээ бүхий компанитай болсон байна.

    Мумбайд төвтэй тус компанид "StepStone", "Goodwater" зэрэг компаниуд нийт 200 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийгээд байгаа аж. Мөн 15 сарын дараа гэхэд ашигт ажиллагаанд хүрэх бөгөөд ирэх 2-3 жилийн хугацаанд нээлттэй компани болохоор төлөвлөснөө мэдэгдэлдээ дурджээ. "Энэтхэгчүүдийн интернэт хэрэглээнд шуурхай худалдаа хамгийн хурдацтай өсөж буй талбар болж байна. Такси дуудлага, хоол хүргэлт зэргээс хол илүү эрчимтэй байгаа" хэмээн Аадит Палича онцолсон байна.

    "Zepto"-ийн хувьд дотооддоо "Alphabet"-ийн хөрөнгө оруулалттай "Dunzo", "Zomato"-ийн хөрөнгө оруулалттай "Blinkit" зэрэг хүчтэй өрсөлдөгчид бий.

    Харин дэлхий даяар стартапын огцом өсөлтийн үе эрчээ алдаж эхлээд байна. Оны эхний хагас жилд венчур санхүүжилтийн дүн хэмжээ өмнөх оны мөн үетэй харьцуулбал 72 хувиар буураад байгааг "Tracxn Technologies" тайландаа дурджээ. Мөн Энэтхэг улсад оны эхний хагас жилийн байдлаар нэг ч “Unicorn” компани төрөөгүй бол 2022 оны ижил хугацаанд 19 “Unicorn” бий болж байсныг тайланд онцолсон байна.  

    "Zepto"-ийн борлуулалтын орлого гуравдугаар сард өмнөх оны мөн үеэс 300 орчим хувиар өсөж, байсны зэрэгцээ жилийн орлого нь 600 сая ам.доллар даваад байгаа аж. Тус компанийн бүтээгдэхүүний хүргэлт хийгдэх дундаж хугацаа 12 минут бөгөөд одоогоор Мумбай, Бангалор, Шинэ Дели зэрэг хотод 220 агуулахтай болж, 7000 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүнээс хүргэлт хийж байгааг хамтран үүсгэн байгуулагч Аадит Палича мөн өгүүлжээ.

    Cэтгэгдэл бичих