
Металлургийн салбарын үйлдвэрлэл нэмэгдэж байгаатай холбоотойгоор дэлхийн зах зээлд хайлуур жоншны эрэлт өсөлттэй байгааг “Монголчехметалл” ХХК мэдээллээ.
“Монголчехметалл” ХХК хайлуур жонш баяжуулах үйлдвэрээ ашиглалтад орууллаа. Төв аймгийн Баянцагаан сумын нутагт байгуулагдсан тус үйлдвэр нь хоногт 800 тонн, жилд 220 орчим мянган тонн хүдэр боловсруулах хүчин чадалтай. Үйлдвэр ашиглалтад орсноор Монгол Улсын экспорт 60 орчим хувиар нэмэгдэнэ гэж тус компани тооцоолж байна. Хайлуур жоншны баяжмалыг ирэх 11 дүгээр сараас экспортлох аж.
Үйлдвэрийн түүхий эд олон жилийн турш хуримтлагдсан хүдрийн овоолго бөгөөд үүнийг боловсруулж эхлэх юм байна. Тиймээс баяжмалаа авахын зэрэгцээ хуурай хаягдал болох нарийн ширхэгтэй элсийг бага хэмжээний нүүрстэй холиод технологийн дагуу барилгын тоосго, блок зэргийг дараагийн шатанд үйлдвэрлэх боломж бүрдэж байгаа ажээ.
Чулуут Цагаан дэл уурхайг 1981 оноос хойш сорчлон ашиглаж ирсэн бөгөөд одоогоор 2.7 сая тонн буюу 20 орчим жил ашиглах нөөцтэй гэж тооцоолсон байна.
Монгол Улсын хувьд хайлуур жоншны нөөцөөрөө дэлхийд дөрөвдүгээрт ордог. Тиймээс олборлолтоос боловсруулалт руу шилжиж, нэмүү өртөг шингээсэн бүтээгдэхүүн экспортлохыг зорьж буйгаа “Монголчехметалл” ХХК онцоллоо.
Монголын жоншны үйлдвэрлэлийн салбарыг 2018 оноос тэргүүлж буй тус компани жилд 25-30 мянган тонн металлургийн баяжмал үйлдвэрлэж, бага агуулгатай 80 гаруй мянган тонн хүдрийг ОХУ, БНХАУ-д экспортолдог.
“Монголчехметалл” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Д.Батбаяр
УИХ-ын Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны дарга Т.Энхтүвшин
Монголын жоншны холбооны Ерөнхийлөгч Б.Далай