
Зургийг: Б.Бат-Очир
Гадаадын хөрөнгө оруулалттай 8934 компани 2022 онд улсын төсөвт 2.4 их наяд төгрөг төвлөрүүлснийг Татварын ерөнхий газрын тайланд дурджээ. Энэ нь улсын төсвийн 16 хувийг бүрдүүлж буй. Гадаадын шууд хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж, компаниудын эдийн засагт ийм орон зай эзэлж байна. Сүүлийн жилүүдэд хөрөнгө оруулагчид Монгол Улсад ямар дүн тавьж байгааг Монголыг чиглэх хөрөнгө оруулалтын статистикаас харж болно. Тухайлбал: 1990 оноос хойш 15 мянга гаруй гадаадын хөрөнгө оруулалттай компани, аж ахуйн нэгж бүртгүүлснээс 5400 гаруй нь татан буугджээ. Мөн 2022 оноос шинээр бүртгүүлж байгаа гадаадын хөрөнгө оруулалттай компанийн тоо буурч байгааг Эдийн засаг, хөгжлийн яамны судалгаа харуулж буй.
2011 онд хөрөнгө оруулалтын хэмжээ 5.7 тэрбум ам.доллар буюу оргил түвшинд хүрч байсан бол 2012 оноос эргэн буурч, сүүлийн жилүүдэд дунджаар 2.5-2.8 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт орж байгаа аж. Үүний 50 орчим хувийг “Оюу Толгой” ХХК-ийн хөрөнгө оруулалт эзэлж байгааг Монголбанкны судалгаанд дурдсан байна.
Уул уурхайн салбар уналттай үед экспортын орлого буурч, валютын ханшид ирэх дарамт нэмэгддэг Монгол Улсын хувьд гадаадын хөрөнгө оруулалтын хэмжээг нэмэгдүүлэх нь чухал байгаа энэ үед хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд санал авах хэлэлцүүлгийг энэ долоо хоногт зохион байгууллаа.
Хөрөнгө оруулалтыг хориглосон хязгаарлалтыг арилгана
Одоо мөрдөгдөж буй Хөрөнгө оруулалтын тухай хуульд “Хуулийн этгээдийн нийт гаргасан хувьцааны 25 буюу түүнээс дээш хувийг гадаадын хөрөнгө оруулагч эзэмшиж байгаа бөгөөд гадаадын хөрөнгө оруулагч тус бүрийн оруулсан хөрөнгө оруулалт бүрд 100 мянган ам.доллар гэсэн босго тавьсан байдаг. Тиймээс шинэчилсэн найруулгаар энэ босгыг халах санал тусгажээ.
Хөрөнгө оруулагчийн гомдлыг шийдвэрлэх тогтолцоог нэвтрүүлнэ
Дэлхийн банкны судалгаагаар хууль бусаар хөрөнгө хураан авах, валютыг хөрвүүлэх, шилжүүлэхэд хязгаар тавих асуудлаар Монгол Улс эрсдэлтэй улсын тоонд багтжээ. Тухайлбал: гурван хөрөнгө оруулагч тутмын нэг нь гэрээ зөрчигдсөнөөс болж, хөрөнгө оруулалтын шийдвэрээсээ буцдаг гэсэн байна. Монгол Улсын шүүх, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаар хөрөнгө оруулагч маргаан гомдлоо шийдвэрлүүлэхэд дунджаар 6.2 жилийн хугацаа зарцуулж байна гэсэн судалгааг Хууль зүй, дотоод хэргийн яам гаргажээ. Хамгийн дээд тал нь 16.2 жил, хамгийн хурдан шийдвэрлүүлэхэд 1.2 жил зарцуулж байна. Тиймээс хөрөнгө оруулагчдын гомдлыг цахимаар шийдвэрлэх журмыг батлах, гомдол шийдвэрлэх процесс болон үүрэг, хариуцлагыг тодорхой болгох, тулгарч буй асуудлын талаарх нэгдсэн мэдээллийн бааз бүрдүүлэх зэрэг санал оруулжээ.
Олон улсын арбитраар гомдлоо шийдвэрлүүлэх боломжийг бүрдүүлнэ
Харилцагч талууд маргаанаа гурван сарын дотор шийдвэрлэж чадахгүй бол олон улсын арбирт хандах эрхийг нь баталгаажуулах саналыг тусгажээ. Энэ хүрээнд хөрөнгө оруулалттай холбогдсон маргааныг шийдвэрлэх олон улсын төв (ICSID), НҮБ-ын Олон улсын худалдааны эрхийн комиссын арбитрын дүрэм (UNCITRAL)-ийн дагуу арбитраа сонгох эрх олгох аж.
Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгад олон нийтээс санал авч байгаа бөгөөд ирэх долоодугаар сард болох Эдийн засгийн чуулга уулзалтын үеэр дахин хэлэлцэх аж.
Гол нь хууль эрх зүйн цогц асуудлыг баримтлах хэрэгтэй. Хөрөнгө оруулалтын хууль, татварын хууль, ашигт малтмалын тухай хууль, газрын хууль зэрэг нь хоорондоо уялдаа холбоотой байж, хөрөнгө оруулалт татах орчин бүрдэнэ. Дан ганц хууль өөрчлөөд асуудлыг шийдэж чадахгүй. Хөдөлмөрийн тухай хууль асуудалтай байгаа. Ашигт малтмалын тухай хуулийг хэлэлцээд эхэллээ. Ашигт малтмалын тухай хууль Хөрөнгө оруулалтын тухай хуультайгаа хэр уялдаж байгаа вэ гэдэг нь чухал.
Монгол Улсын хувьд хөрөнгө оруулалт татах боломж бий. Тухайлбал: уул уурхай, мал аж ахуй зэрэг. Тиймээс эхлээд хуулийн хэрэгжилтэд, тогтвортой байдал анхаарал хандуулах хэрэгтэй. Хуулиа байнга өөрчлөөд байвал хөрөнгө оруулагчид ойлгомжгүй байдал үүснэ.
Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулга сайн болсон байна. Гэхдээ энэ хууль шинэчлэгдлээ гээд гадаадын хөрөнгө оруулалт шууд орж ирэхгүй. Анхаарах гол асуудал бол хуулийн хэрэгжилт юм. Тухайлбал: Төрийн дунд шатандаа хүнд суртал ихтэй. Төрөөс зөвшөөрлөө аваад үйл ажиллагаа эрхлэх гэхээр орон нутгийн Засаг дарга эсвэл дунд шатны албан тушаалтан зэрэг хүмүүс гарч ирээд зогсоодог практик сүүлийн 30 жил явж байна. Мөн шүүх дээр маргаан олон жил үргэлжилдэг. Хохирсон хүмүүсийг улам нэмж хохироодог. Нэхэмжлэхээ ирж авахгүй, хэдэн жилээр зугтаадаг гэх мэт асуудал бий. Шүүхээс буруутай гэж тогтоогоогүй байхад барьж хорьсон тохиолдол ч байна.
Үнэт цаас, Хөрөнгийн биржтэй холбоотой хөрөнгө оруулалт болон гадаадын шууд хөрөнгө оруулалтын ялгааг тодорхой болгох шаардлагатай. Мөн хөрөнгө оруулалтын баталгаануудтай холбоотой асуудлыг хуульд тусгах хэрэгтэй.
Монгол Улсад хөрөнгө оруулалт хийгээд, буцааж ашгаа гарган авахад суутган татвар гэж авдаг. Дотоодын хөрөнгө оруулагчдын хувьд энэ нь 10 хувь бол гадаадын хөрөнгө оруулагчдын хувьд 20 хувь байдаг. Энэхүү татварыг адилхан авдаг болох чиглэлд хэлэлцэж байна.