
Зургийг: Eric Piermont/AFP via Getty Images
Эдийн Засгийн Хамтын Ажиллагаа ба Хөгжлийн Байгууллага (OECD) дэлхийн эдийн засгийн төлөвөө танилцууллаа. Дэлхийн эдийн засаг тогтворжиж буй ч сэргэлт удаан, эрсдэлүүд хэвээр байна гэж тайландаа онцолсон байна.
Covid-19 цар тахал, Украины дайн зэрэг “шок”-ийн нөлөөгөөр дэлхийн эдийн засаг 2023 онд 2.7 хувь, 2024 онд 2.9 хувиар өснө гэсэн тааруу төсөөллийг Эдийн Засгийн Хамтын Ажиллагаа ба Хөгжлийн Байгууллага гаргажээ. Энэхүү тооцоолол нь цар тахал эхлэхээс өмнөх долоон жилийн дундаж дүн 3.4 хувиас доогуур дүн болж байна.
2023 онд БНЭУ-ын эдийн засаг зургаан хувиар, БНХАУ-ын эдийн засаг 5.4 хувиар, Индонез улсын эдийн засаг 4.7 хувиар өснө гэж тооцоолсон бол ОХУ-ын эдийн засаг 1.5 хувиар агшина гэж тооцоолжээ. АНУ, Евро бүс, БНХАУ-ын эдийн засгийн сэргэлт ижил хэмжээнд тааруу байхаар байгааг онцолсон байна.
Мөн голлох эдийн засагтай улс орнуудад инфляцын дарамт хэвээр үргэлжилж, 2019 оны түвшнээс өндөр байна гэж үзжээ. Ийнхүү голлох эдийн засагтай улс орнуудад инфляцын дарамт өндөр байх тул Төв банкнууд бодлогын хүүгээ үргэлжлүүлэн өсгөх шаардлагатай гэж үзэж байна. Мөн бодлого боловсруулагчид тогтвортой өсөлтийг хангахын тулд макро эдийн засаг, бүтцийн бодлогод тууштай хандах хэрэгтэй гэж үзсэн аж. Улс орнуудад өрийн хэмжээ хэт өндөр байгаа нь сорилт болохоор байгаа юм.