
Парисын хэлэлцээрийн дагуу Монгол Улс хүлэмжийн хийн ялгарлыг 2030 он гэхэд 22.7 хувиар бууруулах зорилт тавин ажиллаж байна. Энэ хүрээнд холбогдох төслүүдийг хэрэгжүүлэхэд санхүүжилттэй холбоотой асуудал эн тэргүүний сорилт болж байгаа юм. Тодруулбал: ногоон санхүүжилтийн эх үүсвэр хангалтгүй, ойлголт дутмаг, дэвшилтэт технологи, инновацыг хөгжүүлэх санхүүгийн чадвар сул, байгаль орчинд ээлтэй төслийн талаарх олон нийтийн ойлголт дутмаг, энэ талаар тогтсон мэдээлэл байхгүй гэх зэрэг асуудлууд тулгарч байна гэж Эрчим хүчний зохицуулах хороо мэдээлээд байна.
Ногоон санхүүжилтийн эх үүсвэрийг аваад үзвэл 2023 оны I улирлын байдлаар банкнуудын олгосон зээлийн хэмжээ 8.5 их наяд төгрөг. Үүний 0.7 орчим хувьтай тэнцэх буюу 59 орчим тэрбум төгрөгийн ногоон зээлийг банкнууд олгожээ. Нөгөө талаас банкнуудын нийт олгосон зээлд ногоон зээлийн эзлэх хувь 2020 оноос хойш буурсан үзүүлэлттэй байна.
Монгол Улс “Ногоон таксономи” баталж, ногоон санхүүжилттэй холбоотой эрх зүйн зохицуулалтуудыг хийж өгсөн ч ногоон санхүүжилт авах төслүүд бэлэн биш байна гэж ТоС холбооны Гүйцэтгэх захирал Э.Номиндарь “Bloomberg TV Mongolia”-д өгсөн ярилцлагадаа онцолж байв.
Харин олон улсад ногоон санхүүжилт тэр дундаа ногоон бондын зах зээл тэлж буй. 2022 онд уур амьсгалын чиглэлд гаргасан бондуудын талаас илүү хувийг ногоон бонд бүрдүүлсэн. Хэдий тийм боловч дэлхий даяар Төв банкнууд инфляцтай тэмцэх зорилгоор бодлогын хүүгээ өсгөж, үүнийг дагаад зээлийн хүү нэмэгдсэн нь бондын зах зээлд хурдацтай нөлөөлж, 2022 онд бонд гаргалт буурчээ. Үүнтэй холбоотойгоор 2022 онд уур амьсгалын чиглэлийн бондуудын нийт хэмжээ 858.5 тэрбум ам.доллар болсон нь өмнөх оныхтой харьцуулахад 24 хувиар буурсан үзүүлэлт болохыг “Climate Bonds Initiative”-ийн тайланд дурдсан байна.
Монгол Улс 2030 он гэхэд хүлэмжийн хийн ялгарлыг ердийн үеийнхтэй харьцуулахад 22.7 хувиар бууруулах зорилтдоо хүрэхэд 11.7 тэрбум ам.доллар шаардлагатай байгааг Тогтвортой санхүүгийн үндэсний замын зурагт дурджээ. Мөн НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөрийн тооцоолсноор Монгол Улсын ногоон хөрөнгө оруулалтын жилийн хэрэгцээ 690 сая ам.доллароос 1.03 тэрбум ам.доллар байгаа юм.
Монгол Улсын хувьд энэ төрлийн санхүүжилтийг гаднаас татах сонирхол өндөр байгаа бөгөөд ногоон санхүүжилтийн талаарх аж ахуйн нэгжүүдийн ойлголт өсөн нэмэгдэж буй. Харин нөгөө талд брокер, андеррайтерууд ногоон хөрөнгийн зах зээлийн динамикийг илүү сайн ойлгох нь чухал болохыг ЕСБХБ-ны Монгол дахь Суурин Төлөөлөгч Ханнес Такач тодотгосон юм.
ЕСБХБ-ны Монгол дахь Суурин төлөөлөгч Ханнес Такач
“Ногоон төслүүдийн тухайд олон янзын төсөл бий. Энэ чиглэлд цөөнгүй компани бодитой төслүүдийнхээ асуудлаар ЕСБХБ-нд хандаад байна. Түүнчлэн ЕСБХБ нь ногоон санхүүжилтийн төслүүдийн портфелийг тодорхойлохоор техникийн туслалцааны төсөл дээр Эдийн засаг, хөгжлийн яамтай хамтран ажиллаж байна. Энэ хүрээнд бид Монгол Улс ногоон эдийн засагт шилжих шилжилтийг дэмжих потенциалтай, гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдыг татахад дэмжлэг үзүүлэх боломжтой 29 төслийг тодорхойлоод байгаа. Түүнчлэн сэргээгдэх эрчим хүчний салбарт ногоон санхүүжилтийн чиглэлд асар их нөөц бололцоо байгаа бөгөөд Засгийн газраас хангалттай дэмжлэг үзүүлбэл өсөлтийн өндөр чадамжтай салбар юм. Монголын компаниудын хувьд ногоон санхүүжилтийн талаарх мэдлэг ойлголт тогтмол нэмэгдэж байна. Хэдий тийм боловч брокер, андеррайтерууд ногоон хөрөнгийн зах зээлийн динамикийг илүү сайн ойлгох нь чухал. ЕСБХБ-ны хувьд ногоон бонд гаргах боломжтой талуудтай харилцаатай ажиллаж байгаа бөгөөд сонгогдсон ногоон бондуудад хөрөнгө оруулж ч магадгүй. Монголын ногоон эдийн засгийн шилжилт болоод дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлт 2023 онд 7.2 хувь, 2024 онд 7.4 хувь гарах төлөвтэй байгаа зэрэг нь тодорхой төслүүдийн хүрээнд ESG (БОНЗ) бонд болон ногоон бонд гаргахад түлхэц болно гэж харж байна. Төлөвлөсөн ногоон төслүүдийг амжилттай хэрэгжүүлэхэд хувьцаа болон зээлийн санхүүжилтийн харьцааг зөв барих нь чухал юм”
МҮХҮАТ-ын Ерөнхийлөгч О.Амартүвшин
“Бид ногоон бондын мэдээллийг зөв хүргэх, үүнийг илүү сайн ойлгуулах нь чухал байна. Мөн энэ санаачилгаа олон улсад идэвхтэй танилцуулах шаардлагатай. Дотоодод мэдээлэл маш хязгаарлагдмал байгаагаас төдийлөн идэвхжиж өгөхгүй зүйл анзаарагдаж байгаа. Олон компаниудад ногоон бонд хэрэгтэй. Тэгэхээр яаж авах, ямар замаар юуг хангасан байх, ямар шаардлагыг хангасан байх зэрэг мэдээллийг банкнууд болон МҮХҮАТ хамтраад бизнес эрхлэгчдэд, иргэдэд мэдээллийг зөв зүйтэй өгөх нь чухал гэж харж байна”
Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан
“Дотоодын аж ахуйн нэгжүүд ногоон бонд гаргахаар ажиллаж байна. Энэ хүрээнд Төрөөс тодорхой дэмжлэгүүд олгогдох ёстой. Санхүүгийн зохицуулах хорооны хувьд бодлогын тодорхой шийдлүүд гарсан. Тодруулбал: ногоон бондын хүсэлт ирвэл ажлын 10 өдөрт шийдвэрлэх, тодорхой шалгууруудыг хөнгөлөх зэрэг шат дараатай арга хэмжээ авч байна”