logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Улс төр
    Нийтлэлийг хуваалцах
    Ө.Лхагва-Эрдэнэ
    Ши Жиньпиний Хамтын хөгжил цэцэглэлтийн бодлогын нөлөөгөөр "JD.com"-ийн менежерүүдийн цалин буурчээ
    Нийтэлсэн огноо: 2022 оны 11 сарын 23 16:43
    324
    Хамтын хөгжил цэцэглэлтийн бодлогын тусламжтайгаар "хөрөнгийн замбараагүй тэлэлт"-ийг хяналтдаа авна гэж БНХАУ-ын Засгийн газар мэдэгдэв

    БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпиний санаачилсан "Хамтын хөгжил цэцэглэлтийн бодлого"-ын хүрээнд "JD.com" компани 1.4 тэрбум ам.долларын ажилчдын тэтгэмжийн сан байгуулах хэрэгтэй болсон байна. Тус сангийн хөрөнгийн зарим хэсгийг бүрдүүлэхийн тулд БНХАУ-ын хоёр дахь том цахим худалдааны компани 2000 орчим менежерүүдийнхээ цалинг 10-20 хувиар бууруулахаар шийдвэрлэжээ. Мөн компанийг Үүсгэн байгуулагч, тэрбумтан Ричард Лю ажилчдын нийгмийн халамжийн санд 14 сая ам.доллар хандивлана гэж мэдэгджээ.

    Үүнээс гадна тус компани ажилчиддаа орон сууцны хүүгүй зээл олгох зориулалттай 10 тэрбум юанийн сан байгуулахаар болсныг эх сурвалж мэдээлсэн.

    Ши Жиньпин 2021 онд "Хамтын хөгжил цэцэглэлтийн бодлого"-ыг эхлүүлж, чинээлэг бизнес эрхлэгчид болон томоохон компаниудад хөрөнгийн дахин хуваарилалт хийх үүрэг өгөөд байсан. Энэ нь БНХАУ-ын интернетийн томоохон компаниудын эсрэг явуулсан хатуу бодлоготой зэрэгцэн зах зээлд тогтворгүй байдал үүсгэсэн юм.

    1200x800.jpg

    Харин өнгөрсөн аравдугаар сард БНХАУ-ын Коммунист намын их хурлыг угтан Бээжингийн зүгээс эдийн засгийн тогтвортой байдлыг хангах арга хэмжээ авсан тул "Хамтын хөгжил цэцэглэлтийн бодлого"-ыг олны анхаарлаас түр холдуулаад байв. 

    "Бидний энэхүү үйл ажиллагааны үр дүнд манай компанид тав болон түүнээс дээш жил ажилласан бүх хүмүүс, тэр дундаа хүргэлтийн болон хэрэглэгчийн үйлчилгээний салбарын ахан дүүс маань өөрийн гэсэн орон гэртэй болох мөрөөдлөө биелүүлнэ гэж найдаж байна" хэмээн "JD.com"-ийн Үүсгэн байгуулагч Ричард Лю өгүүлсэн нь бий.

    Ши Жиньпин өөрийн үндсэн бодлогуудын нэгийг дахин хэрэгжүүлж эхэлснээр БНХАУ-ын томоохон компаниуд болон хөрөнгө оруулагчдад хэрхэн нөлөөлөх нь тодорхойгүй байна. 

    Зөвхөн "JD.com" компаниар зогсохгүй 58 их наяд ам.долларын үнэлгээ бүхий БНХАУ-ын санхүүгийн компаниудын удирдах албан тушаалтнууд бүгд Ши Жиньпиний бодлогыг хэрэгжүүлэхийн тулд цалингаа хасуулж байгаа юм. 

    Бусад компаниудын тухайд БНХАУ-ын орон нутгийн зах зээлд "Alibaba" компанийн хүчтэй өрсөлдөгч болоод байгаа "Pinduoduo" өөрийн ашгаас 1.5 тэрбум ам.долларыг фермерүүдийн нийгмийн халамжид зарцуулна гэсэн амлалтыг өнгөрсөн жил өгч байсан аж.

    Мөн "Tencent" компани нийгмийн хариуцлагын төсөл хөтөлбөрүүдэд оруулах хөрөнгө оруулалтаа хоёр дахин нэмэгдүүлж, 15 тэрбум ам.доллар болгоно гэж мэдэгдсэн байна. Харин "Alibaba" компани жижиг бизнесүүдийг дэмжих зорилгоор таван жилийн хугацаанд 100 тэрбум юанийн хөрөнгө оруулалт хийнэ гэж амлаад буй. Үүний зэрэгцээ "PDD"-ийн Колин Хуанг, "ByteDance"-ийн Жан Иминь, "Xiaomi"-ийн Лэй Жун тэргүүтэй тэрбумтнууд их хэмжээний хандив өгөхөөр болоод байгаа юм.

    Дээрх мэдээллийн дараа "JD.com" компанийн хувьцааны ханш Хонгконгийн биржид дөрвөн хувиар буурсан бол гол өрсөлдөгч "Alibaba" болон "Tencent Holdings" компаниудын хувьцааны ханш хоёр гаруй хувиар буураад байна. 

    Хамтын хөгжил цэцэглэлтийн бодлогын тусламжтайгаар "хөрөнгийн замбараагүй тэлэлт"-ийг хяналтдаа авна гэж БНХАУ-ын Засгийн газар мэдэгдээд байгаа юм.

    Cэтгэгдэл бичих