
Зургийг: С.Батсайхан
УИХ-ын чуулганы хуралдаанаар Боловсролын ерөнхий хуулийг хэлэлцүүлж байна. Хуулийн төсөлд бүх хэлбэрийн боловсролын байгууллага байж болно гэж заасан бөгөөд англи хэлийг гуравдугаар ангиас нь судлах үндсэн гадаад хэл байна гэж тусгажээ.
Боловсролын салбарын эрх зүйн шинэчлэл хийгдсэнээр Монгол Улс хүний хөгжлийн үзүүлэлтээр дэлхийд эхний 70-д багтах, ядуурлын бүх төрлийг эцэс болгох, орлогын тэгш бус байдлыг багасгаж, нийт хүн амын 80 хувь нь дундаж болон чинээлэг дундаж давхаргын ангилалд багтах суурь бүрдүүлэхийг зорьжээ.
Мөн хуулийн төсөлд ялгаатай хэрэгцээтэй хүүхдийг боловсролын үйлчилгээнд хамрагдах, тэгш боломж бүрдүүлэх, ерөнхий боловсролын сургуулийн багшийг ажлын бус цагаар нэмэлт орлого олох боломж нээж өгөхөөр тусгасан гэж Боловсрол, шинжлэх ухааны сайд мэдээллээ.
Эдгээрээс гадна боловсролын асуудал эрхэлсэн зургаан байгууллагыг нэгтгэж, өөрчлөн зохион байгуулахаар тусгасан байна.
2021 оны тайлангаар зургаан байгууллага нийт 58.2 тэрбум төгрөгийн батлагдсан төсөвтэйгөөр 193 орон тоотой үйл ажиллагаа явуулжээ. Шинэ бүтцээр орон тоо болон төсөв нэмэхгүй юм байна.
Хөтөлбөрийн хувьд сүүлийн 15 жилийн хугацаанд Монгол Улс шинэчлэл хийх 5-6 удаагийн оролдлого хийсэн ч хөтөлбөр хэрэгжүүлэх өртгийг тооцож тусгаагүй тул хэрэгжүүлээгүй. Тиймээс энэ удаад хуулийн төсөлд зохих зохицуулалт оруулсан гэж Боловсрол, шинжлэх ухааны сайд мэдээлэв.
УИХ-ын гишүүн Г.Дамдинням
УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг