
Зургийг: Yuka Obayashi/ Reuters
Гангийн үйлдвэрлэлээр дэлхийд дөрөвдүгээрт эрэмбэлэгддэг “Nippon Steel” компани коксжих нүүрс болон төмрийн хүдэр олборлогч компаниудын хувьцаа худалдан авалтаа нэмэгдүүлж магадгүй байгааг “SXCoal” мэдээлжээ. Саяхан Канадын нүүрсний уурхайд хөрөнгө оруулах шийдвэр гаргасан тус компани цаашид таваарын үнэ өндөр түвшинд хадгалагдах эрсдэлтэй гэж үзсэн учраас ийнхүү эзэмшлийн хувиа улам нэмэгдүүлж байгааг тус компани мэдээлсэн байна.
“Nippon Steel” Канадын олборлогч “Teck Resources”-ийн коксжих нүүрсний чиглэлээр байгуулах охин компани болох “Elk Valley Resources”-ийн 10 хувьд ногдох хувьцааг 1.15 тэрбум канад доллар буюу 844 сая ам.доллароор худалдан авахаар болсноо гуравдугаар сарын гурванд мэдээлсэн юм.
“Nippon Steel”-ийн одоогоор эзэмшиж буй коксжих нүүрсний уурхайнуудын хувьцаа нь тус компанийн жилд импортолдог 27 сая тонн нүүрсний 20 хувийг бүрдүүлдэг. Харин дээрх хэлцлийг гүйцэтгэснээр энэ дүн 30 хувь болох юм. Түүнчлэн жилд 58 сая тонн төмрийн хүдэр импортолж байгаагаас мөн 20 хувийг нь компанийн эзэмшдэг хувьцаанууд хангадаг байна.
Хэдий тийм боловч ган үйлдвэрлэлд ашиглагдах гол түүхий эдүүдийн үнэ өндөр түвшинд хадгалагдах магадлалтай тул дээрх хувь хангалтгүй байж болохыг тус компанийн Такахиро Мори онцолж байна.