Зургийг: Martin Leissl/Bloomberg
“Sacks Parente Golf" компанийн хувьцааны ханш нээлттэй арилжаалагдсан эхний өдрөө 624 хувиар өсөж, энэ онд АНУ-ын биржид хийгдсэн хамгийн өндөр үзүүлэлттэй IPO болжээ.
Гольфийн хэрэгсэл үйлдвэрлэдэг тус компани нийт 3.2 сая ширхэг хувьцаагаа нэгж тус бүрийг нь дөрвөн ам.доллароор үнэлэн анхдагч зах зээлд санал болгосон бол мягмар гарагийн арилжаагаар нэгж хувьцааны үнэ нь 29 ам.доллар дөхөж хаагджээ.
“Sacks Parente Golf"-ийн үйлдвэрлэдэг гольфийн цохиурууд нь гол өрсөлдөгч брэнд, алдарт Тайгер Вудсын хэрэглэдэг байсан "Scotty Cameron"-ийн цохиураас арай хямдхан гэдгээрээ онцлог аж.
2022 онд “Sacks Parente Golf" борлуулалтаас ердөө 190 мянган ам.долларын орлого олсон бөгөөд ашигт ажиллагаанд хараахан хүрээгүй байгааг АНУ-ын Үнэт цаас, биржийн хорооны мэдээллээс харж болохоор байна. Мөн өнгөрсөн онд 3.5 сая ам.долларын цэвэр алдагдал хүлээсэн бол 2023 оны эхний улиралд 90 мянган ам.долларын цэвэр борлуулалтын орлого, 917 мянган ам.долларын цэвэр алдагдалтай ажилласан аж.
Эхний өдрийн арилжааны үеэр "Sacks Parente Golf"-ийн хувьцааны ханш хэт өндөр хэлбэлзэлтэй гэсэн шалтгаанаар арилжааг нь багадаа 19 удаа зогсоожээ.