
Газрын тос боловсруулах үйлдвэрийн хоёр, гуравдугаар багцад багтсан худалдан авалт, барилга угсралтын ажлын Ерөнхий гүйцэтгэгч шалгаруулах тендерт шалгарсан БНЭУ-ын "Мега Инженеринг Инфрастракчер" компанитай Инженерчлэл, худалдан авалт, барилга угсралтын гэрээ байгуулах асуудлыг Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлэв.
Энэхүү бүтээн байгуулалтыг 2025 оны IV улиралд багтаан дуусгахаар төлөвлөөд байгаа бөгөөд хоёр, гуравдугаар багц ажлуудыг "Мега Инженеринг Инфрастракчер" компани хамтад нь гүйцэтгэх аж.
Эхний багц ажил болох 44 км ус дамжуулах хоолой, 30 мянган метр куб багтаамжтай цэвэр усны байгууламж зэрэг технологийн бус барилга байгууламжийн ажлыг БНЭУ-ын “Жэй Эм Си Прожектс Индиа” компани гүйцэтгэж буй бөгөөд 2023 онд дуусах товтой байна.
Газрын тос боловсруулах үйлдвэрийн гол бүтээгдэхүүн нь дизель түлш бөгөөд үйлдвэр жилд 1.5 сая тонныг боловсруулж, нийт 1.7 тэрбум литр бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай байх юм.
Үйлдвэр байгуулах төсөл төлөвлөлт, инженерчлэлийн үе шатнаас 2021 онд бүтээн байгуулалтын ажилд шилжсэн бөгөөд энэхүү ажлыг дөрвөн багцад хуваан ажиллаж байгаа аж.