Дэлхийн эдийн засгийн өсөлт саарч эхэлсэн ч Төв банкнууд өндөр инфляцтай тэмцэхийн тулд бодлогын хүүгээ үргэлжлүүлэн өсгөх хэрэгтэй гэж Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага мягмар гарагт мэдэгджээ.
Хэрэглээний үнийн тооцоолоогүй өсөлт бодит орлогыг бууруулж, хүн бүрт хүндээр нөлөөлж буй энэ үед бодлого боловсруулагчид шаардлагатай арга хэмжээг авахгүй бол асуудал хүндрэхийг тус байгууллагаас анхааруулсан юм.
Түүнчлэн ЭЗХАХБ 2023 оны дэлхийн инфляцын төсөөллийг есдүгээр сард гаргасан түвшнээсээ нэмэгдүүлсэн бөгөөд Төв банкнуудын хувьд ирэх онд хэрэглээний үнийн өсөлт зорилтот түвшнээс өндөр байхыг анхааруулжээ. Тодруулбал, АНУ-ын хэрэглээний үнийн өсөлт 2.6 хувь, Евро бүсийнх 3.4 хувь, Их Британийнх 3.3 хувьд хүрнэ гэж үзжээ.
“Яг одоогийн байдлаар нэн түрүүнд хэрэгжүүлэх арга хэмжээ нь инфляцыг тогтворжуулах явдал. Эс бөгөөс 1970-аад онд ажиглагдсан шиг цалин болон хэрэглээний үнэ ээлжлэн өсөх үзэгдэл бий болох, эсвэл инфляцын түвшин хяналтад оруулахад дэндүү өндөр түвшинд тогтворжих нөхцөл байдал үүсэхээр байна” хэмээн ЭЗХАХБ-ын ахлах эдийн засагчийн үүрэг гүйцэтгэч Альваро Сантос Перейра Bloomberg-д өгсөн ярилцлагадаа дурдсан байна.
Мөн ирэх онд дэлхийн дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлт саарах төлөвтэй байгаа ч одоогоор эдийн засаг уналтад орох шинж харагдахгүй байгааг онцолжээ. Тухайлбал, шинжээчид Евро бүсийн 2023 оны эдийн засгийн өсөлтийн төсөөллөө 0.3 хувиас 0.5 хувь болгон өсгөсөн байна.
“Хэтэрсэн арга хэмжээнээс үүдэх эрсдэл нь зүгээр сууснаас үүдэлтэй эрсдэлээс бага байх нь тодорхой. Гэхдээ төсвийн бодлогыг мөнгөний бодлоготой уялдуулах нь үнийн өсөлтийн эсрэг тэмцэлд нэн чухал ач холбогдолтой” хэмээн Перейра нэмж өгүүлжээ.