
Зургийг: Michael Nagle/Bloomberg
Биржүүд дэх арилжааны хэмжээний уналтаас хараахан сэргэж чадаагүй хэвээр байгаа “Coinbase” компани криптовалютын зах зээл дэх савлагаа харьцангуй бага хэсэгт үйл ажиллагаагаа тэлэх зорилгоор виртуал хөрөнгийн менежментийн “One River Digital” компанийг худалдан авсан байна.
Макро арилжаалагч Эрик Питерс өөрийн хедж сангийн охин компани болгон байгуулсан “One River Digital” крипто зах зээлийн бусад том тоглогчдоос ялгаатай нь жижиг хөрөнгө оруулагчдаас бүрэн татгалзаж, тэтгэврийн сан гэх мэт зөвхөн байгууллагуудад үйлчлэх бизнес эрхэлдэг байна. Энэхүү урт хугацааны хөрөнгө оруулалтад чиглэсэн бодлого нь койны үнэ, крипто биржийн үйл ажиллагааны томоохон савлагаанд бага өртөхөд нөлөөлжээ.
“Энэ нь криптовалютын ертөнцөд байгууллагуудын хөрөнгийн урсгалыг нэмэгдүүлэх зорилготой. Крипто өвөл ирээд буй энэ үед бид хөрөнгийн менежментийн гайхалтай бизнес босгох хүлээлттэй байна” хэмээн “Coinbase”-ийн байгууллагад зориулсан бүтээгдэхүүн хариуцсан захирал Грег Тусар онцолжээ.
Одоогоор дээрх хэлцлийн дүн болон бусад нөхцөлүүдийг хараахан ил болгоогүй байгаа аж. Харин “One River Digital”-ийн нэр “Coinbase Asset Management” болон солигдохоос гадна Эрик Питерс Гүйцэтгэх захирал болон Хөрөнгө оруулалт хариуцсан захирлын албан тушаалд очих юм байна.
Худалдан авалтын хэлэлцээ жил орчмын өмнө эхэлж, 2022 онд криптовалютын зах зээлийн үнэлгээнээс 1.5 их наяд ам.долларыг арчсан уналтын үед ч үргэлжилсээр байсан юм.