logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Улс төр
    Нийтлэлийг хуваалцах
    Б.Бат-Очир
    Нарендра Моди улсынхаа нэрийг яагаад Бхарат гэх болов
    Нийтэлсэн огноо: 2023 оны 09 сарын 08 16:05
    940
    Бхарат хэмээх нэр нь БНЭУ-ын Үндсэн хуулийн нэгдүгээр зүйлд заасан тус улсын хоёр нэрийн нэг

    БНЭУ-ын Ерөнхий сайд Нарендра Моди "Их 20"-ийн уулзалтын оройн зоогийн урилга дээр улсынхаа нэрийг эртний санскрит нэрээр сольж бичсэн нь томоохон мэтгэлцээн дагуулаад байна. Төрийн тэргүүний хувьд тэрбээр удахгүй улсынхаа нэрийг албан ёсоор сольж магадгүй гэсэн таамаглал гарсан бөгөөд энгийн иргэдээс улс төрийн өрсөлдөгчид гээд бүгд энэ талд байр сууриа илэрхийлж эхэлжээ.

    Нарендра Моди яагаад Бхарат нэрийг илүүд үзэж байна вэ?

    2014 онд сонгогдсоноосоо хойш Нарендра Моди болон түүний Засгийн газар тус улсын колоничлолын болон Моголын эрхшээлд байсан түүхийг илтгэх зүйлсийг арилгах ажил явуулсаар иржээ. Эдгээр нь голчлон Засгийн газрын санаачилгаар, зарим үед эрх баригч намын гол дэмжигчид болох Хиндү үндсэрхэг үзэлтнүүдийн шаардлагаар хийгддэг байв. Харин сүүлийн үед улам эрчимжих болсны шалтгаан нь ирэх онд болох сонгуульд Нарендра Модигийн намтай өрсөлдөхөөр сөрөг хүчний хэд хэдэн намууд "Энэтхэг" нэртэй эвслийг өнгөрсөн долоодугаар сард байгуулсантай холбоотой байж магадгүй  байгаа аж.

    Бхарат нэрийг өөр газар ашигладаг уу?

    Бхарат хэмээх нэр нь БНЭУ-ын Үндсэн хуулийн нэгдүгээр зүйлд заасан тус улсын хоёр нэрийн нэг юм. Байгууллагуудын нэр, бэлгэ тэмдэг, паспорт болон мөнгөн дэвсгэрт дээрх сүлд гээд олон зүйлд уг нэрийг түгээмэл ашигладгаас гадна дийлэнх энэтхэгчүүд хинди хэлээр ярихдаа улсаа Бхарат гэдэг байна.

    Бхаратын гарал үүсэл 

    Энэ үгийн гарал үүслийг БНЭУ-ын урт удаан жилийн түүхэн дэх олон эх сурвалжтай холбож авч үздэг. Санскрит хэлний "бхарата" буюу гал гэсэн үгнээс, эсвэл Хинду ардын домогт хинду үндэстний дээд өвөг гэж гардаг Бхарата хааны нэрнээс үүдэлтэй байх ч боломжтой аж.

    Харин Энэтхэг гэдэг нэр нь Синдху буюу гол мөрөн гэсэн утгатай санскрит үгнээс гаралтай бөгөөд Араб, Грекийн байлдан дагуулагчид "хинд" хэмээн өөрчилж, хожмоо "инд" буюу Энэтхэг болсон байдаг. Британичууд тус улсыг удирдаж эхэлснээс хойш шинэ нэр нь дэлхий даяар түгжээ.

    БНЭУ албан ёсоор нэрээ сольж болох уу?

    БНЭУ-ын Үндсэн хуулийн хамгийн эхний заалт буюу нэгдүгээр зүйлд тус улсын албан ёсны хоёр нэрийг "Энэтхэг, тэр нь Бхарат" гэж заасан байдаг. Тиймээс тус улс нэрээ солих, эсвэл Үндсэн хуулийн өөрчлөлтөөр хоёр нэрийн нэгийг нь хасах ч боломжтой юм. Хэдий тийм боловч  Парламентын доод, дээд танхимын гишүүдийн 70-аас дээш хувь нь дэмжиж байж Үндсэн хуульдаа өөрчлөлт оруулах ёстой аж.

    Cэтгэгдэл бичих