
Гадаадын хөрөнгө оруулагчдыг хууль, хүчний байгууллагатай хамтран тонон дээрэмдсэн үйл ажиллагаануудыг шалгаж, дүгнэлт, мэдээллийг аравдугаар сарын 28-ны өдөр танилцуулахаар бэлтгэж байгааг Засгийн газар мэдэгдлээ.
Үүнд үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга, Тагнуулын ерөнхий газрын дарга зэрэг албан тушаал хашиж байсан хүмүүс холбогдсоныг тодотгов.
Монгол Улсад одоогоор гадаадын хөрөнгө оруулагчтай 20 мянга орчим компани бүртгэлтэй байгаа аж.
Хууль зүй, дотоод хэргийн дэд Сайдын удирдаж буй ажлын хэсгийн боловсруулж байгаа Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулга болон дагах хуулиудад олон талын саналыг тусгаж боловсруулж байгааг мэдэгдлээ. Үүнд эрх зүйн орчны зөрүүтэй байдал буюу хууль хоорондын уялдаа холбоо бага эсвэл Засгийн газар болон орон нутгийн зохицуулалт зөрчилдөж байгаа зэрэг асуудлыг шийдэхийг зорино гэж тодотгож байна. Мөн татварын тодорхойгүй байдалтай холбоотой асуудлыг хөнджээ.
Түүнчлэн Мэргэжлийн хяналтын ерөнхий газрыг татан буулгаж, үйл ажиллагааг нь салбарын яамдад шилжүүлэхээр болсон байна. Тухайн салбарыг хариуцсан яамд нь өөрсдөө хяналтын үүргээ давхар гүйцэтгэх аж.