logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Ярилцлага
    Нийтлэлийг хуваалцах
    Ц.Бадмаараг
    Макс Мюнx: Аялал, жуулчлалын оргил үед ч Монголыг чиглэсэн нислэгийн тоо хангалтгүй байгаа нь тулгамдаж буй асуудал
    Нийтэлсэн огноо: 2022 оны 10 сарын 19 16:46
    440
    “Follow the Tracks” компанийн Үүсгэн байгуулагч, Гүйцэтгэх захирал Макс Мюнxтэй ярилцлаа

    - Гэрэл зураг, аялал, жуулчлалын салбар дахь туршлагаас тань хуваалцах гэж байгаадаа баяртай байна. Та 2016 оноос хойш Монгол Улсад ирж, очиж байсан. Энэ хугацаанд ямар өөрчлөлтүүд таны дуранд өртөв?

    - Монгол Улс энэ хугацаанд их өөрчлөгдсөн. Анх 2016 онд ирэхэд засмал зам бараг байхгүй, хөгжлийн хувьд хоцрогдмол байсан. Үүнээс хойш Монгол Улс маш их өөрчлөгдсөн. Орчин үе рүү хөгжиж дэвшсэн гэж бодож байна.  Би энд ирснийхээ дараа малчин айлд хэдэн долоо хоног амьдарсан. Миний хувьд маш гайхалтай туршлага болсон. Тэгээд л энэ оронд, ард иргэдэд нь татагдаж эхэлсэн дээ. 

    - Тантай санал нэг байна. Монгол Улс мэдээж үзэсгэлэнтэй байгалиараа алдартай. Тэгэхээр "Follow the Tracks"-ийн талаар яриагаа үргэлжлүүлье. “Offroad” буюу бартаат замын аяллыг санал болгодог шүү дээ. Тэр дундаа бүргэд, тэмээний аяллын маршрут их сонирхол татаж байна л даа. Одоогоор зах зээлд хэр эрэлттэй байгаа вэ?   

    - Дээр хэлсэнчлэн би анх Монгол Улсад ирээд, байгалийн үзэсгэлэнд нь сэтгэл алдарсан. Тэр утгаараа илүү олон жуулчдыг Монголд авчрахыг хүссэн. Гэхдээ цөөн хоногтой автобусны аяллаас илүүтэйгээр өөрсдөө бие даан Монгол оронтой танилцаасай гэж хүссэн. Яг миний адил шүү дээ. Би автомашинаа бариад, баруун зүүн эргээд, шинэ зүйлсийг бие даан танин мэдсэн. Үүний төлөө л “Follow the Tracks”-ийг үүсгэн байгуулсан. 

    Манай компани аялагчдыг Монголд ирээд өөрсдөө бие даан дээврийн майхантай, бартаат замын автомашинаар аялах боломжоор хангадаг. Ингэснээр хүссэн газраа, хүссэн үедээ хоноглох боломжтой. Хүсвэл миний олон жилийн туршид танилцсан малчин айлуудад хонож,  Монголын амьдралыг ойроос мэдэрч болно.  Яг одоогоор үнэнийг хэлэхэд жуулчид Монгол Улсад ирэхэд хүндрэлтэй байна. Хангалттай нислэг байхгүй. Дээр нь одоо үргэлжилж буй дайн, цар тахлын нөхцөл байдал зэрэг нь жуулчид ирэхэд хүндрэл учруулж байна. Энэ нь бидэнд сорилт болж байгаа л даа. Хэдий тийм боловч би хүссэн ажлаа хийж байгаа учир бууж өгөхгүй. Ирэх оноос нөхцөл байдал сайжрах төлөв ажиглагдаж байна. 

    MAXXX1.png

    - Бие даасан аялал, жуулчлалын операторын хувьд Монгол Улсын тухайн салбарыг өргөжүүлэхэд Засгийн газраас ямар дэмжлэг туслалцаа үзүүлэх хэрэгтэй гэж харж байна вэ? 

    - Монгол Улсын аялал, жуулчлалын салбар олон асуудалтай нүүр тулсан хэвээр байна. Нэгдүгээрт, Монголыг чиглэсэн нислэгийн тоо хангалтгүй байгаа. Нислэг дүүрчихвэл жуулчид ирж чадахгүй шүү дээ. Монголын ирээдүйн боломжийг хаадаг зарим агаарын тээврийн компаниуд байна. Гэрээ хэлэлцээр байгуулж, аялал жуулчлалын оргил үед ч нислэгийн тоог улам бууруулдаг.

    Үүнтэй холбоотойгоор нэг зүйлийг онцлоход Монголд яагаад ганцхан аялал, жуулчлалын улирал байгаа юм бэ? Яагаад ганцхан наадмаар аялах ёстой гэж? Герман улс зөвхөн “Oktoberfest”-ээ сурталчилж байгаагаас ялгаагүй шүү дээ. Ингэх нь утгагүй хэрэг биз дээ. Миний хувьд Монгол бол жилийн аль ч улиралд аялах боломжтой орон.

    Манай “Follow the Tracks” компани хавар болон намрын аяллыг илүү сурталчилдаг. Энэ үед олон хүн байхгүй, мөн байгаль дэлхий өнгөө сольж үзэсгэлэнтэй болно, амьтад төллөнө гээд олон давуу талтай.

    Мөн намрын улиралд байгаль маш гоё өнгөтэй байдаг шүү дээ. Гэрэл зурагчны өнцгөөс харахад намар бол хамгийн үзэсгэлэнтэй улирал. Мөн аялал, жуулчлалын дэд бүтцийн талд сайжруулах зүйл олон байгаа гэж бодож байна. Миний хувьд Монгол Улсын Засгийн газар урт хугацааны бодлогогүй, зөвхөн ойрын ирээдүйд зориулсан шийдвэрүүд гаргадаг юм шиг санагддаг. Алдсан боломжууд ч байгаа гэж боддог. Харин бидэнд одоо бүгдийг багаас нь эхлүүлж, зүй ёсны дагуу хэрэгжүүлэх боломж байна. 

    - Геополитикийн асуудал, COVID-19 цар тахал гээд олон сорилт тулгараад байна. Тэгэхээр 2023 онд Монгол Улсын аялал, жуулчлалын салбарт та хэр өөдрөг төсөөлөлтэй байна вэ?

    - Бид бүх аяллаа 2020-оос 2021 он руу, дараа нь 2022 он руу шилжүүлсэн. Гэхдээ л цар тахал, дайн зэргээс шалтгаалан хүндрэл үргэлжилсээр л байна. Харин ирэх оны хувьд маш өөдрөг төсөөлөлтэй байгаа. Бидэнд олон хүсэлт ирж байгаа, олны анхаарлыг ч ихээр татаж байна. Тэр дундаа манай “Follow the Tracks”-ийн “Instagram” хаяг өдөр өдрөөр өсөж, байлдан дагуулж эхэлж байна. Энэ нь Монголыг чиглэсэн сонирхол нэмэгдэж байна гэсэн үг.

    - Эко аялал, жуулчлалын талаар, мөн энэ салбарын тогтвортой хөгжлийн талаар ямар бодолтой байна вэ?

    - Урагшлах цорын ганц арга зам бол энэ гэж бодож байна. Ялангуяа Аялал, жуулчлалын яам шинээр байгуулагдаж, Монголын аялал, жуулчлал сууриа олж эхэлж байна. Юу ч үгүйгээс бүгдийг босгох боломж байгаа. Бусад орнууд шиг биш. Тэдний хувьд аялал, жуулчлал, байгаль нь аль хэдийн сүйдсэн. Тэгэхээр тэд бүхнийг сэргээн байгуулж, эко аялал, жуулчлалыг нэвтрүүлэх шаардлагатай.

    Яг одоо бид эко аялал, жуулчлалыг эхнээс нь байгуулах боломжтой. Жишээлбэл: Саудын Араб улс жуулчид хүлээн авч эхэлсэн. Ингэхдээ эко аялал, жуулчлалыг нэвтрүүлэхээр зорьж байна. Миний бодлоор Монгол Улс тал нутаг, байгалийн үзэсгэлэнт газраар баялаг учраас бас энэ замаар явах хэрэгтэй.

    - Таны гэрэл зургийн карьерын талаар ярилцацгаая. Таныг гэрэл зурагт юу хөтөлсөн бэ? Өөрийн чадвараа хэрхэн хөгжүүлж, сайжруулдаг вэ?

    - Би шууд гараад л зураг дарчихдаг, хаана ч байсан камерын өмнө байгаа зүйлээ дардаг төрлийн хүн гэх үү дээ. Тэгж их төлөвлөөд байдаггүй. Гараад л камераа бэлэн байлгадаг, тэгээд л болоо. Ялангуяа Монголд бол уян хатан байх нь чухал гэж бодож байна, цаг хугацаа байгаа шүү дээ. Энэ бол хэдхэн хоногоор ирээд байх газар биш. Ирээд үзэж харж, танин мэдэх, бас энэ хооронд камераа байнга бэлэн байлгах хэрэгтэй.

    - Үүнээс гадна зураг авах дуртай сонирхогчид олон байгаа байх. Тэгэхээр хаана ч байсан гэрэл зураг авахад амин чухал хэрэгсэл нь юу болохыг зөвлөмөөр байна?

    - Өөрийн өнцгөөс хариулъя. Монголд байгаа зурагчны хувьд ямар ч зүйлд бэлтгэлтэй байх хэрэгтэй. Камертаа тохирсон савтай болох хэрэгтэй. Говь руу явахад элс төхөөрөмжийг гэмтээж мэднэ. Тэгэхээр элс оруулахгүйн тулд аюулгүй байлгах хэрэгтэй. Түүнчлэн сэрүүсэх үед сайн ороож, зайг халаасандаа хийж, бүгдийг нь дулаан байлгах хэрэгтэй. Гэхдээ мэдээж өөрийгөө аюулгүй, дулаахан байлгах нь хамгийн чухал. 

    - Засвар хийнэ гэдэг гэрэл зургийн салбарт бас чухал зүйл. Тэгэхээр авсан гэрэл зургууддаа ямар программ ашигладаг вэ?

    - Би “Adobe”-тэй хамтардаг. “Lightroom”-ийг олон жил ашиглаж байна. “Lightroom” болон “Photoshop”. “Lightroom”-ийг гар утас зэрэг ямар ч төхөөрөмж дээр хэрэглэж болдог. Өмнөх асуулт дээр нэмээд хариулахад, танд заавал үнэтэй сайн камер байх хэрэггүй. Зүгээр л ухаалаг гар утсаа ашиглаад зураг авахад болно. Сайн ашиглаж сурахыг хичээх хэрэгтэй. Ердөө л тэр. Хамгийн сайн камер таны халаасанд байна шүү дээ.

    Cэтгэгдэл бичих