
Зургийг: president.mn
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Франц улсад хийж буй Төрийн айлчлалын үеэр “Зөөвч-Овоо” ураны төслийн хөрөнгө оруулалтын гэрээний ерөнхий нөхцөлөөр Монгол Улсын Засгийн газар болон “Orano Mining” компани урьдчилсан зөвшилцөлд хүрч, хэлэлцээний протоколд гарын үсэг зурлаа.
Түүхэн гэрээний урьтал
Монгол Улсын Засгийн газар болон “Orano Mining” компанийн хооронд байгуулах Хөрөнгө оруулалтын гэрээний төсөл боловсруулах ажлын хэсгийн хэлэлцээний протоколд Францын талаас “Orano Group”-ийн Ерөнхий захирал Клод Имовен, Монголын талаас “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Гүйцэтгэх захирал С.Наранцогт нар гарын үсэг зурлаа.
Элизейн ордонд болсон гарын үсэг зурах ёслолд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, БНФУ-ын Ерөнхийлөгч Эммануэль Макрон нар оролцсон байна. Энэхүү протокол нь хоёр талд харилцан ашигтай хөрөнгө оруулалтын гэрээний бодлогын хүрээг тодорхойлж, “Зөөвч-Овоо” төслийн хөгжүүлэлт, үйлдвэрлэлд Монгол Улсын Засгийн газар болон “Orano Mining” компанийн олон арван жил үргэлжлэх хамтын ажиллагааны суурийг тавьж буйг талууд онцолжээ.
Протоколд үндэслэн Хөрөнгө оруулалтын гэрээний төслийг боловсруулж, УИХ-д өргөн барих аж. AFP-ийн мэдээлснээр талууд энэ оны эцсээр гэрээнд гарын үсэг зурж магадгүй байна.
$1.7 тэрбумын төсөл
Төрийн өмчит “Мон-Атом” компани 34 хувь, “Orano Mining” 66 хувийг нь эзэмшдэг “Бадрах энержи” хамтарсан компани өнгөрсөн онд “Зөөвч-Овоо” ордоос ISR аргаар уран олборлох туршилтыг амжилттай гүйцэтгэсний зэрэгцээ тус компанийн лицензүүдийн нөөцийг бүртгэснээр Монгол Улс ураны нөөцөөр дэлхийд 12 дугаарт бичигдэх болсон юм.
Одоогоор ТЭЗҮ нь боловсруулалтын шатандаа яваа “Зөөвч-Овоо” төслийн үйл ажиллагаа 40 орчим жил үргэлжилж, 1.7 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт шаардахаас гадна Монгол Улсад нэг тэрбум гаруй ам.долларын татвар төлөх тооцоотой байгааг “Orano Mining”-ийн Ерөнхийлөгч Кзавье Сан-Мартан-Тие онцолж байлаа.
Харин төслийн хөрөнгө оруулалтын гэрээний хувь эзэмшлийн талд “Оюу Толгой” шиг гэрээ хийх үү, эсвэл АМНАТ-өө өндрөөр тогтоох уу гэсэн хувилбарууд яригдаж байгааг УУХҮ-ийн сайд Ж.Ганбаатар мэдээлсэн юм. Түүнчлэн Францын талаас 10 хувийн “Алтан хувьцаа” эзэмшүүлэх санал тавьсныг мөн дурдаж байв.
Эдийн засгийн түншлэл үргэлжилнэ
Өнөөдрийн байдлаар Францын 66 компани Монгол Улсад бүртгэлтэй байгаа бөгөөд тэдний хөрөнгө оруулалтын 80 орчим хувь нь уул уурхайн салбарт хийгджээ. Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн айлчлалын хүрээнд Монгол-Францын Бизнес форум зохион байгуулагдаж, Францын талаас “Orano Mining”, “Airbus”, “Thales”, “Dassault Systèmes”, “Poma” зэрэг томоохон компаниуд үйл ажиллагаагаа танилцуулсан юм.
Түүнчлэн Франц улсын Ерөнхийлөгч Эммануэль Макрон “Эрчим хүч болон хүнсний бие даасан байдал нь аливаа улсын оршин тогтнох гол үндэс билээ. Сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр Францын хөгжлийн агентлаг Монгол Улсад дараагийн ээлжийн хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөөд байна” хэмээн Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй уулзаж, хамтарсан мэдэгдэл хийхдээ онцолжээ.