Зургийг: president.mn
Монгол Улсын Засгийн газар болон Францын "Орано майнинг САС" компанийн хооронд байгуулах хөрөнгө оруулалтын гэрээний төслийн ерөнхий нөхцөлөөр хэлэлцээ хийж, талууд урьдчилсан зөвшилцөлд хүрснийг ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэв.
Энэхүү протоколд үндэслэн Хөрөнгө оруулалтын гэрээний төслийг боловсруулж, УИХ-д өргөн барих юм байна. Хөрөнгө оруулалтын гэрээг энэ оны эцэс гэхэд эцэслэх хүлээлттэй байгаа юм.
Монголын тал төслийн хөрөнгө оруулалт, санхүүгийн үүрэг хүлээхгүй. Эдийн засаг, техник технологийн ямарваа эрсдэлгүй хамтын ажиллагааны нөхцөлөө тохиролцсоныг ЗГХЭГ-ын дарга онцоллоо. Өөрөөр хэлбэл Монгол Улсад нэг ч ам.долларын өр оногдохгүй, өгөөжөө шууд хүртэх юм байна.
Төслөөс Монгол Улсад жилд 95.5 сая ам.доллар, нийт 3.2 тэрбум ам.долларын татварын орлого төвлөрнө. Тухайлбал: АМНАТ-ын орлого жилд 47 сая ам.доллар, нийт 1550 сая ам.доллар болохоор тооцоолж байгаа аж. Монголын тал хувьцаа эзэмшигчийн 10 хувийн давуу эрх эдлэх урьдчилан тохирсон нөхцөлөөр нийт 400 орчим сая гаруй ам.долларын ногдол ашиг нэмж авах урьдчилсан тооцоо гаргажээ.
Ураны төсөл нь бэлтгэлээ хангах, бүтээгдэхүүн үйлдвэрлэх, нөхөн сэргээх үндсэн гурван үе шатаас бүрдэх бөгөөд 47 жил үргэлжилнэ. 2024-2027 онд бэлтгэл ажлаа базааж, 2028-2060 онд бүтээгдэхүүнээ үйлдвэрлэх аж. Нөхөн сэргээх ажил нь 2061-2070 онд буюу есөн жилийн хугацаанд үргэлжлэх юм байна.
“Ураны ислийн үнийг 64-74 ам.доллар/фунтээр тооцоход борлуулалтын орлого нь жилд дунджаар 367 сая ам.доллар буюу нийт 12.1 тэрбум ам.доллар болно. Жилийн цэвэр ашиг нь 131.0 сая ам.доллар, нийт дүнгээрээ 4.3 тэрбум ам.долларын цэвэр ашиг олох тооцоололтой байгаа”-г ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан онцоллоо.
ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан
Ураны төслийн хувьд ирэх 30 орчим жилийн хугацаанд 1.7 орчим тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт шаардагдахаар байгаа юм. Төслийн тохиролцооны хувьд талууд хэрхэн хувь эзэмших хэд хэдэн хувилбар яригдаж байгааг УУХҮ-ийн сайд Ж.Ганбаатар мэдэгдлээ. Харилцан хувь эзэмших эсвэл АМНАТ-ыг өндөр тогтоох гэсэн хувилбар байгаагаас гадна "Алтан хувьцаа" гаргах боломжийг хэлэлцэж байгааг салбарын сайд мэдээлэлдээ дурдсан юм.