
БНХАУ-д коксжих нүүрсний нөөц бүрдүүлэх сонирхол нэмэгдсэнээр Гашуунсухайттай хиллэдэг Ганцмод боомтод Монголын коксжих нүүрсний үнэ өсөж эхэллээ.
Өнгөрсөн долоо хоногт түүхий коксжих нүүрсний үнэ тонн нь 1650 юань болж, өмнөх долоо хоногоосоо 100 юаниар өссөн байна. Түүнчлэн есдүгээр сарын доод үзүүлэлтээсээ 250 юаниар өсжээ.
“SXCoal”-ийн мэдээлснээр Гашуунсухайт боомтоор Монголын нүүрсний экспорт нэмэгдсэн хэвээр байна.
Тухайлбал: есдүгээр сарын 22-нд тус боомтоор 683 автомашинаар нүүрс тээвэрлэсэн байна. Мөн есдүгээр сарын 19-22-нд өдөрт дунджаар 663 автомашинаар нүүрс тээвэрлэжээ. Энэ нь өмнөх долоо хоногоосоо 20-иор их үзүүлэлт болж байна.
Үүнээс гадна өнгөрсөн долоо хоногт Уул уурхайн долоо хоног арга хэмжээ болж өндөрлөлөө. Арга хэмжээний үеэр салбарын асуудлуудыг хөндөж ярилцсан юм. Хэдий тийм боловч экспортод тулгарч буй хамгийн гол асуудал нь цар тахал бус эд бүтэц гэдэгт талууд санал нэгдэв.
Одоо байгаа уурхайнуудын хүчин чадлаар Монгол Улс жилд 100 сая хүртэлх тонн нүүрс олборлох боломжтой. Харин одоогийн дэд бүтцийн хүчин чадлаар жилдээ 50 сая тонн нүүрс экспортлох боломжтойг Монгол нүүрс ассоциацийн Гүйцэтгэх захирал Ж.Золжаргал онцолж байлаа.