logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Эдийн засаг
    Нийтлэлийг хуваалцах
    О.Цэнгэг
    70 гаруй жил үргэлжилсэн “Бондын их хөөсрөл” хэдхэн сарын дотор үгүй болжээ
    Нийтэлсэн огноо: 2022 оны 09 сарын 26 10:30
    176
    АНУ-ын 2 жилийн хугацаатай бондын ханш 12 өдөр дараалан буурсан нь 1976 оноос хойших урт хугацаанд үргэлжилсэн уналтад тооцогдож байна

    Өндөр инфляцыг тогтоон барихын тулд дэлхий даяар Төв банкнууд бодлогын хүүгээ эрчимтэй өсгөж буй энэ үед бондын зах зээлийн уналт цаашид хэр удаан үргэлжлэх нь тодорхойгүй байна.

    Хамгийн сүүлийн жишээ гэвэл Их Британийн Засгийн газар татварын хөнгөлөлтийн томоохон төлөвлөгөө баталж, Английн Төв банк бодлогын хүүгээ долоо дахь удаагаа дараалан өсгөснөөр баасан гарагт тус улсын таван жилийн хугацаатай бондын ханш 1992 оноос хойших хамгийн их дүнгээр буурчээ. 

    Үүний зэрэгцээ АНУ-ын хоёр жилийн хугацаатай бондын ханш 12 өдөр дараалан буурсан нь 1976 оноос хойш гараагүй урт хугацаанд үргэлжилсэн уналтад тооцогдож байна. Өнгөрсөн лхагва гарагт АНУ-ын Холбооны Нөөцийн банк бодлогын хүүгээ гурав дахь удаагаа 75 суурь нэгжээр нэмэгдүүлж 3.25 хувьд хүргэсэн нь үүнд гол жин даржээ. Үүгээр зогсохгүй инфляц хоёр хувьд хүрч бууртал бодлогын хүүг үргэлжлүүлэн өсгөх дохиог АНУ-ын Төв банкны тэргүүн Жером Пауэлл өгөөд байгаа юм.

    “Bank of America”-ийн стратегичдын тооцоолсноор 1949 оноос буюу Дэлхийн II дайны дараах сэргээн босголтын үеэс хойших бондын зах зээлийн хамгийн тааруу үзүүлэлттэй жил өдгөө тохиож буй аж.

    “Эдгээр бондууд хөгжиж буй орны бондын зах зээл шиг л хурдацтай арилжаалагдаж байна. Түүхэн дэх хамгийн том санхүүгийн хөөсрөлийг үүсгэсэн бие даасан бондуудын агшилт үргэлжилж байна” хэмээн “Bleakley Advisory Group”-ийн хөрөнгө оруулалт хариуцсан дэд захирал Питер Бооквар өгүүлжээ.

    Цар тахлын үед эдийн засгийг дэмжихийн тулд бодлогын хүүгээ бараг “тэг” дээр байлгаж байсан АНУ-ын Холбооны Нөөцийн банк тэргүүтэй Төв банкнуудын мөнгөний бодлого хэдхэн сарын дотор эрс чангараад буй нь энэ юм.

    Cэтгэгдэл бичих