Зургийг: С.Батсайхан
2023 оны эхний хагас жилд “ЛэндМН ББСБ” ХК-ийн нийт зээлийн багц 86.4 тэрбум төгрөг буюу өмнөх оны мөн үеэс 95.2 хувиар өссөнийг Монголын Хөрөнгийн биржид тайлагналаа. Тайлант хугацаанд тус компанийн цэвэр ашиг өмнөх оны мөн үеэс 390.4 хувиар өсөж, 8.3 тэрбум төгрөг хүрсэн байна.
Хэрэглээний зээлийн шинэ бүтээгдэхүүн болох “Flexi”-ийг танилцуулснаа тодотгов. “Flexi” нь хэрэглэгч өөрийн санхүүгийн боломждоо тулгуурлаад зээлээ өөрөө удирдаад явах боломжтой урт хугацаатай, уян хатан нөхцөлтэй бүтээгдэхүүн гэдгээрээ онцлог аж.
Мөн тогтвортой хөдөө аж ахуйг дэмжих чиглэлээр хоршоодод хөнгөлөлтэй зээл олгохоор болсныг тайландаа тодотгожээ.
“ЛэндМН ББСБ” ХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн тогтоолын дагуу нэгж хувьцаанд 1.75 төгрөг буюу нийт 1.2 тэрбум төгрөгийн ногдол ашгийг хувьцаа эзэмшигчдэдээ хуваарилаад байгаа юм.