
2022 оны эхний есөн сарын хугацаанд импортын үнийн дүн 6.3 тэрбум ам.доллар болж, өмнөх оны мөн үеэс 23.9 хувиар өссөнийг Үндэсний статистикийн хороо мэдээллээ.
ОХУ-аас импортолсон бараа, бүтээгдэхүүний 60 хувийг нефтийн бүтээгдэхүүн, Япон улсаас импортолсон бараа, бүтээгдэхүүний 66.1 хувийг суудлын автомашин, БНХАУ-аас импортолсон бараа, бүтээгдэхүүний 4.6 хувийг цахилгаан эрчим хүч, 9.5 хувийг ачааны автомашин эзэлж байна.
Импорт өмнөх оны мөн үеэс 1.2 тэрбум ам.доллароор өсөхөд дизель түлш, автобензин, суудлын автомашины импортод зарцуулсан үнийн дүн өссөн нь нөлөөлжээ. Хэдийгээр дизель түлшний импорт тоо хэмжээний хувьд 5.4 хувиар буурсан ч олон улсын зах зээлд ханш өссөнөөр нийт төлсөн дүн 65.3 хувиар нэмэгдсэн байна. Хэдий тийм боловч есдүгээр сард экспорт өмнөх сараас 22.1 хувиар, импорт 9.6 хувиар буурсан үзүүлэлттэй байна.
УИХ-ын чуулганаар 2023 оны төсөв, мөнгөний бодлогыг хэлэлцэх үеэр өндөр үнийн дүнтэй бараа, бүтээгдэхүүний импортыг хойшлуулах, хязгаарлах хэрэгтэйг хөндсөн юм. Мөн төсвийн зардлаас импортыг дэмжсэн бараа, бүтээгдэхүүний худалдан авалтыг хойшлуулснаар валютын нөөц буурах эрсдэлээс сэргийлэх боломжтой гэж олон улсын байгууллагууд зөвлөж байна.
Үүнээс гадна есдүгээр сарын байдлаар гадаад валютын албан нөөц 2.79 тэрбум ам.доллар болж буурсан нь импортын дөрвөн сар гаруйн хэрэгцээг хангахаар байгаа юм.
“Мони Маркет Фанд” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Г.Батжаргал
Импортын үнийн индекс долоодугаар сард нэлээд өсөж байсан ч наймдугаар сард 4.1 хувиар буурч, 119.9 нэгж болжээ. Энэхүү хөдөлгөөн нь эрдэс бүтээгдэхүүний бүлгийн үнэ, тээврийн хэрэгслийн бүлгийн үнэ, суудлын автомашины үнэ буурсантай холбоотой байна.