- Сүүлийн үед цементийн асуудал зах зээлд нэлээд хүчтэй өрнөлөө. Тухайлбал: цементийн үнэ яагаад нэмэгдэв, хомстсон зэрэг асуудал гарлаа. МАК-ийн хувьд цементийн зах зээлд тэргүүлэгч байр суурьтай байдгийн хувьд өнгөрсөн хугацаанд болсон үйл явдлуудын талаар юу хэлмээр байна. Ер нь цементийн хомсдол яагаад үүсэв?
- Хомсдол үүссэн шалтгааныг хэлэхээсээ өмнө зах зээлд цемент хэрхэн борлуулагддаг, арилжаалагддаг талаар тайлбар өгмөөр байна. 2017 оны зургаадугаар сард Дани улсын Засгийн газрын дэмжлэгтэйгээр цементийн үйлдвэрээ ашиглалтад оруулсан. Нэг сая тонн цемент үйлдвэрлэх хүчин чадалтай энэхүү үйлдвэр маань Данийн тоног төхөөрөмжийг Монголд нутагшуулсан, евро стандартын цемент үйлдвэрлэж байна. Өнөөдрийн байдлаар хүчин чадлынхаа 80 хувьд ажиллаж байна. Өнгөрсөн онд 800 мянган тонн цемент зах зээлд нийлүүлсэн.
Цементийн үйлдвэр барьчихлаа гэхэд борлуулах суваг, дэд бүтцийн асуудлыг шийдэхгүйгээр цементийн борлуулах ямар ч боломжгүй. Ингэснээр 2017 онд буюу тухайн үед Монгол Улсын нийт төмөр замын хүчин чадлын хоппер буюу задгай цемент тээвэрлэдэг вагон улсын хэмжээнд 18 л байсан. 18-хан вагоныг улсын хэмжээнд хуваалцана гэдэг мэдээж хүрэлцээ муутай, ганцхан МАК биш “Хөтөл”, “Монцемент”, “Мөнхийн Баян Гал” зэрэг бусад компаниуд ч хуваалцана гэсэн үг. Тиймээс энэ нь хангалтгүй байсан учраас энэ хугацаанд задгай цемент тээвэрлэх 183 хоппер вагоныг өөрсдийн хөрөнгөөр худалдаж авсан. 10 сая гаруй ам.доллар болж байсан. Мэдээж эдгээр хоппер вагоныг хөдөлгөх зүтгүүр хэрэгтэй тул зүтгүүр бас худалдаж авах шаардлагатай байдаг. Эдгээр 183 хоппер вагон жилдээ 500 мянган тонн цемент тээвэрлэх боломжтой. Монгол Улсын цементийн зах зээлийн нийт хэрэглээ дунджаар хоёр сая тонн байдаг. Үүнээс нэг сая тонныг нь задгай цементийн борлуулалт гэж үзвэл энэ 183 вагон хангалтгүй. Тэгэхээр цемент үйлдвэрлэгч компаниуд өөрсдийн хөрөнгөөр вагон худалдан авах, хөрөнгө оруулах шаардлага үүсдэг. Үүнээс гадна савласан цементийн тээвэр, логистикийн асуудал хүндрэлтэй байна.
Улсын хэмжээнд 152-хон ширхэг крытый буюу битүү вагон байдаг. Ийм вагоноор задгай цементээ тээвэрлэдэг. Энэ 152 вагоныг мөн бусад компаниуд ч хуваалцаж цементээ тээвэрлэдэг. Тэгэхээр эргэлт нь их удаан байдаг. Хамгийн багадаа 9-10 хоног. Цементийн хомсдол болсон шалтгаан нь абсолют тоогоор харахад төмөр замын асуудал, тээвэр логистикоос хамаараагүй мэт байгаа ч эргэлтийн хугацаа нь 9-10 хоног байгаа нь бид захиалга өгснөөс хойш 3-5 хоногийн дараа захиалга маань 50-60 хувьтай ирдэг. Үүний улмаас Улаанбаатарын цемент буулгалт удаашралтай байгаа нь цемент хомсдох хүчин зүйл болсон. Яагаад крытый буюу битүү вагонд хөрөнгө оруулах боломжгүй байна вэ гэвэл цемент маань улирлын бизнес учраас 183 хоппер вагоноо өвлийн улиралд байршуулан зогсоох (парклах) зам байхгүй. Үндсэн трасс дээр хадгалах боломжгүй. Тийм учраас нөхцөл байдлын улмаас үүнээс илүү хөрөнгө оруулна гэхэд хүндрэлтэй байдаг. Төмөр замын хөрөнгө оруулалт, дэд бүтцийн хүчин чадлаас хамаараад цементийн хомсдол үүсэх гол хүчин зүйл болсон. Сүүлийн үед ченжүүд гээд их яриад байдаг. Өнөөдөр бид яах ч аргагүй үйлдвэрээ барьчихлаа, манай үйлдвэр 400 орчим сая ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн. Анх 2017 онд 330 орчим сая ам.долларын хөрөнгө оруулалт хийж байсан. Түүнээс хойш нэмэлт бүтээн байгуулалт, дэд бүтцийн хөрөнгө оруулалтууд хийснээр үндсэндээ 400 орчим сая ам.доллар хүрээд байна. Энэхүү хөрөнгө оруулалтын тухайд цементийг ашигт малтмалаар Монголдоо үйлдвэрлэж байгаа учраас дагалдах үйлдвэр, уурхайн хөрөнгө оруулалт багтаж байгаа. Дээрээс нь дистрибьюшн канал буюу өөрсдийн борлуулалтын суваггүй бол бид өнөөдөр ченжүүдийн асуудлыг хэзээ ч шийдэж чадахгүй. Бид өөрсдийн гэсэн борлуулалтын суваггүй учраас үйлдвэрээ барих гээд өчнөөн олон жил хүч хөдөлмөрөө гаргачихлаа. Ингээд явж байтал мэдээж цаг хугацаа шаардлагатай. Ганц барилга барихад хэдэн жил болдог билээ дээ. Тэгэхээр түгээлтийн механизмаа бид өөрсдөө шийдэхгүй бол энэ ченжийн асуудал хэзээ ч шийдэгдэхгүй.
Жил болгон барилгын ажилтай холбоотойгоор эрэлт хэрэгцээ үүсэх үед нөгөө л нэг хөөргөдлийн асуудал чинь шийдэгдэхгүй. Тийм учраас сүүлийн үед МАК цементийн хувьд “МАК вест” борлуулалтын төв ашиглалтад оруулсан. Энэ маань 10 мянга тонн цемент борлуулах хүчин чадалтай. Энийг цаашид өргөжүүлэх шаардлагатай. Түүнчлэн өнгөрсөн онд МАК ийст бүс буюу Амгаланд Улаанбаатарын зүүн бүсэд түгээлтээ хийх үүднээс ийм хөрөнгө оруулалт хийсэн. Одоогоор ашиглалтад ороод байгаа ч төмөр замын засвар үйлчилгээний асуудлаас болж тэндээс борлуулалт хийх боломжгүй байгаад байна. Ирэх жилээс буюу дараагийн хоёр жилд “МАК централ” буюу 44 захын, “Гурвалжин”-ийн ойролцоо 30 мянган тонн цементийн агуулах бүхий борлуулалтын төвтэй болохоор төлөвлөж байна. Мөн Дархан-Уул аймагт, Өмнөговь аймгийн Цогтцэций суманд борлуулалтын төвөө нээх төлөвлөгөөтэй байна.
Түүнчлэн манай “Евроблок” үйлдвэр байдаг Налайхаас холгүй Төв аймгийн Сэргэлэн суманд байрладаг “Аж үйлдвэрийн парк” гэж нэрлээд байгаа газарт агуулах, борлуулалтын төвөө нээж, өргөжүүлэхээр төлөвлөөд байна. Ингэснээр бид нийт хүчин чадалдаа хүрэх бололцоотой. Яагаад гэвэл үйлдвэр маань нэг сая тонн цемент үйлдвэрлэх хүчин чадалтай ч Одоогоор хамгийн дээд тал нь 800 мянган тонныг л үйлдвэрлээд байна. Өвлийн улиралд барилгын ажил зогсохоор үйлдвэр зогсоно гэсэн үг биш. Бид зогсолтгүй ажиллана. Гагцхүү технологийн шаардлагаар засвар, үйлчилгээгээ л хийнэ. Бусад үед тасралтгүй үйлдвэрлээд нөөцлөөд байх нь бидний сонирхол. Гэтэл сав байхгүй, дэд бүтэц байхгүй болохоор борлуулалтын төвүүддээ хөрөнгө оруулснаар агуулахын маань хүчин чадал нэмэгдэнэ. Ингэснээр нэг сая тонн цементийнхээ хүчин чадалд хүрэх бололцоотой. Энэ асуудал шийдэгдээгүй байна. Цаг хугацаа, их хэмжээний хөрөнгө оруулалт шаардлагатай байна. Одоогоор долоон тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийчхээд байна. Газар болон барилга байгууламж, төмөр замын засвар зэрэг. Цаашид 60-аад тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийж байж энэ ченж, үнийн хөөргөдөл зэрэг асуудал шийдэгдэнэ.
Сүүлийн үед Засгийн газрын шийдвэрийг үйлдвэрлэгчид эсэргүүцэж байна гэж үзэж байх шиг байна. Миний хувьд үүнийг аргагүй шийдвэр гэж харж байгаа, яагаад гэвэл “Хөтөл”-ийн үйл ажиллагаа доголдчихсон. Тэгэхээр хүйтрэхээс өмнө бүх барилгын ажлууд хийгдэх үүднээс аргагүй шийдвэр байсан болохоор “Гарцаагүй ээ” гэж хүлээн зөвшөөрч байна. Энэ шийдвэрийг бид нарт сөрөг үр дагавартай, үйлдвэрлэгчид орон зайгаа алдчихлаа гэж харахгүй байна. Импортын цемент орж ирснээр гуравдагч хараат бус биржээр ярих юм бол венчмарк хийх суурь үнэлгээ, жишиг үнэ тогтоох, цемент өөрөө импортын цемент болж байгаа, үйлдвэрлэгчээс ямар ч хамааралгүй. Тэгэхээр үүнийг байж болох зүйл гэж харж байгаа. Өнөөдөр дөрвөн саяын хүчин чадал гэж ярьж байна л даа. Түүхэн статистикаар харвал МАК цемент 800 мянган тонн, “Монцемент” 500 мянган тонн, “Хөтөл” 300-400 мянган тонн цемент үйлдвэрлэж байгаа. Эндээс харахад Монгол Улс цаашид хөгжөөд бүтээн байгуулалт, дэд бүтцийн төслүүд урагштай явах юм бол импортын цемент гарцаагүй орж ирнэ. Үүнээс айж байгаа, болгоомжилж байгаа зүйл байхгүй. Импортын цемент орж ирдэг байхад бид зах зээлд цемент нийлүүлж эхэлснээр 2015, 2016 онд импортын хараат байдлыг бууруулсан. Тэр үед импортын цемент дунджаар 100 ам.доллар байдаг байсан. Өнөөдөр “Хөтөл”, “Монцемент”-ийн үйлдвэрүүд ашиглалтад орсноор дундаж үнэ 47-70 орчим ам.доллар болж буураад байгаа. Тэгэхээр дотоодын үйлдвэрлэгчээ дэмжихэд ямар давуу тал байдаг вэ гэхээр импортоос хараат байсан бүтээгдэхүүнийг чанартай, хямдаар нийлүүлж байна гэсэн үг. Монгол Улс нэг ширхэг ч уут үйлдвэрлэдэггүй. Цементийн уут технологийн шаардлага хангасан байх ёстой. Уутаа БНХАУ-аас импортолдог. МАК цемент уутнаас шалтгаалаад зургаадугаар сард 40 гаруй мянган тонныхоо боломжийг алдсан. Цементээ савлах боломжгүй болсон гэсэн үг л дээ.
Томоохон бүтээн байгуулагчид задгай цемент ашигладаг бол жижиг хэрэглэгчид буюу ченжүүд зөвхөн ууттай цемент л арилжаалдаг. МАК цементийн хувьд есдүгээр сарын 30-ны өдрийн гүйцэтгэлээр 680 мянган тонн цемент зах зээлд нийлүүлснээс 70 хувь нь задгай цемент байсан. Задгай цементийг ченжүүд арилжих ямар ч боломжгүй. Биднээс шалтгаалаад үнэ хөөрөгдсөн асуудал байгаа гэж харахгүй байна.
- Засгийн газрын хуралдаанаар нүүрсний бирж байгуулах асуудал яригдлаа. Олон улсын жишгийг дагаад нүүрсний биржтэй болбол экспортын асуудал маань жигдрэх нь гэсэн байр суурьтай байсан. Нүүрс олборлож, экспортолж байгаа компанийн хувьд энэ асуудлыг хэрхэн хүлээж авав?
- Өнөөдөр хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хуулиар бол АМНАТ-ыг (Ашигт Малтмалын Нөөц Ашигласны Татвар) жишиг үнэ тогтоох аргачлалын дагалдах журмууд батлагдаагүй гэж ойлгож байгаа. Саяхан Засгийн газрын хуралдаанаар нүүрсний нөөц, төрлийг олшруулсан шүү дээ. Жишиг үнийг тогтоож байгаа аргачлал нь одоо хүртэл бидэнд ойлгомжгүй байгаа. Уг нь энэ ойлгомжтой болчихвол Төр, хувийн хэвшлийн хоорондын үл ойлголцол шийдэгдэх бүрэн бололцоотой. Өнөөдөр АМНАТ гарч буй эх сурвалж нь “SXCoal”. БНХАУ-ын “Fenwei” компанийн “SXCoal”-ийн үнээр Монголын нүүрсний жишиг үнэ тогтоогдож байна. Энэ нь БНХАУ-ын бүсийн үнэ байдаг. Тэгэхээр өнөөдөр Монгол Улсын нутаг дэвсгэрт тээвэрлэгдэж буй тээврийн зардал, БНХАУ-ын зарим нэгэн татвар, зардал дээр нэмээд АМНАТ төлж байгаа. Оновчтой биржийн тогтолцоо бий болгож чадвал бидэнд хэрэгтэй. Биржийн үнийг хэрхэн яаж тогтоох, зарлах механизм нь тодорхой бөгөөд бизнес эрхлэгч, үйлдвэрлэгчдэд хохиролгүй байх юм бол бүрэн бололцоотой гэж харж байна.
- Монголбанк бодлогын хүүгээ энэ жил дөрвөн удаа өсгөлөө. Үүнийг дагаад зээлийн хүү ч өсөж байна. Санхүүгийн зах зээлд зөвхөн банкны зээл бус бусад биржийн бус зах зээлд бонд босгох зэрэг боломжууд байна. МАК-ийн хувьд том хэмжээний хөрөнгө оруулалтууд хийдэг, том хэмжээний хөрөнгө оруулалтууд шаардлагатай байдаг. Тэгэхээр ойрын хугацаанд магадгүй олон улсын зах зээлээс хөрөнгө босгох талаар судалж байгаа юу?
- Дэлхийн хэмжээнд "нөөцөл" гэсэн мессеж түлхүү явагдаж байна. Тэгэхээр Монгол Улсыг зориод хөрөнгө оруулах этгээдүүд, эсвэл урт хугацааны төслийн зээл юм уу санхүүжилт өгөхөд хүндрэлтэй байх болов уу гэж таамаглаж байна. Гарцаагүй нэгэнт Монгол Улсын эдийн засаг ашигт малтмал дээрээ түшиглэж байгаа учраас энэ дээрээ хөрөнгө оруулалт татна гэвэл АМНАТ-ын асуудлаа л шийдэх хэрэгтэй. Зэсийн АМНАТ-ын асуудал байна. Зэсийн АМНАТ 5+10 хувь гээд өсөн нэмэгдэх роялти байгаа нь дэлхийд мөрдөгдөж буй хэм хэмжээнээс маш өндөр татвар л даа. Тийм болохоор зэсийн төсөлд хөрөнгө оруулах, зээл өгөх нь битгий хэл эрэл хайгуул хийх компани Монголд цөөн байгаа.
Бодлогын хүрээнд үүнийг шийдэж чадвал нэгэнт 2030 он хүртэл хүлэмжийн хийн ялгаруулалтыг тэг түвшинд хүргэхийг дэлхий нийт зорьж байна. Тийм учраас зэсийн үнэ цэн, эрэлт хэрэгцээ дэлхийд нэмэгдэнэ. Үүнээс урьтаж бодлогын хүрээнд ажиллах юм бол АМНАТ-ын асуудлаа шийдэж байж гаднын хөрөнгө оруулалт, санхүүжилт татах бүрэн бололцоо үүснэ гэж бодож байна.