Монгол Улсын 2000-2020 оны хооронд сүүдрийн эдийн засгийн хэмжээг сүүлийн 13-20 жилийн дунджаар бэлэн мөнгөний аргачлалаар тооцоход 32 хувьтай гарсан байна. Хөгжиж буй орны сүүдрийн эдийн засгийн ерөнхий дундаж хэмжээ нь 30-40 хувийн хооронд байгаа юм.
Сүүдрийн эдийн засгийн хэмжээг улс тус бүрээр 1991-2015 оны дундаж үзүүлэлтээр жагсаахад Гүрж улс 64.87 хувиар тэргүүлж, Швейцар хамгийн бага буюу 7.24 хувьтай гарч байжээ.
Монгол Улсын сүүдрийн эдийн засагт татвар тэр тусмаа 2006 оны гэнэтийн ашгийн татвар, 2016 онд шинэчлэн хэрэгжүүлсэн нэмэгдсэн өртгийн албан татварын хууль нөлөөлсөн байна.
Мөн сүүдрийн эдийн засгийн хэмжээг нэмэгдүүлэхэд мөнгө угаахтай холбоотой үйл ажиллагаа, авлигын түвшин нөлөөлсөн байх боломжтой гэж судлаачид үзжээ.
"Transparency International" байгууллагын судалгаагаар Монгол Улс 2022 оны "Авлигын төсөөллийн индекс"-ээр 33 оноо авч, 2017 оноос хойш энэ үзүүлэлтээр тасралтгүй муудаж байгаа 10 улсын нэг болоод байгаа юм.
Сүүдрийн эдийн засгийн хэмжээг үнэн зөв тооцож, түүний эдийн засагт оруулж буй хувь нэмрийг тодорхойлох нь бодлого боловсруулах болон эдийн засгийн үйл ажиллагааны үр ашгийг сайжруулахад чухал ач холбогдолтой.
Сүүдрийн эдийн засаг үүсэх гол шалтгаан нь татварын дарамт, нийгмийн даатгалын өндөр шимтгэл болон бизнесийн үйл ажиллагаатай холбоотой аливаа дүрэм журам юм.
Иргэн, аж ахуйн нэгжүүд эдгээр бэрхшээлээс зайлсхийхийн тулд эрхэлж буй үйл ажиллагаагаа үнэн бодитой мэдээлэхгүй, албан бүртгэлээс орхигдуулж, далд хэлбэрээр үйл ажиллагаа явуулдаг байна.
Алтны салбарыг далд хэлбэрт шилжүүлэхэд Төрийн татварын бодлого голлон нөлөөлжээ. Тухайлбал: 2006 онд Гэнэтийн ашгийн татварын хууль баталж, 68 хувийн татвартай болсноор алт олборлогчид Монголбанканд алтаа заралгүй хилээр нууцаар гаргаж, мөнгө болон бараа болгон хувиргаж байсан аж. Энэ болон бусад шалтгааны улмаас 2006 оноос эхлэн Монголбанкны худалдан авсан алтны хэмжээ буурчээ.