
Зургийг: Jeremy Suyker/Bloomberg
Дэлхийн Засгийн газрууд нэгдсэн байдлаар тэрбумтнуудаас авах татварын доод хэмжээг тогтоож, үндэстэн дамнасан томоохон корпорацуудаас татвар авдагтай ижил систем бий болгох замаар орлогоо нэмэгдүүлэх хэрэгтэй гэсэн саналыг Европын Холбооны дэргэдэх “Tax Observatory” хүрээлэн гаргажээ.
Хэрэв дэлхийн 2750 тэрбумтанд хоёр хувийн татвар ногдуулбал жилийн 250 тэрбум ам.долларын орлого олох боломжтойг тус хүрээлэн тооцоолсон байна.
“Татварын хувь хэмжээг ялгамжтай байдлаар тогтоох нь ардчиллын хэвийн ажиллагааг алдагдуулж байна. Энэ нь тэгш бус байдлыг гүнзгийрүүлж, нийгмийн институтүүдэд итгэх итгэлийг сулруулж, нийгмийн гэрээний зарчмыг мохоож байгаа. Корпорацуудаас шаардсан зүйлээ бид одоо тэрбумтнуудаас шаардах ёстой. Хэт чинээлэг иргэдээс авах татварын доод хэмжээг дэлхий даяар тогтоох цаг болсон” хэмээн судалгааг удирдан хийсэн эдийн засагч Иозеф Штиглиц онцолжээ.
Дэлхий даяар "супер чинээлэг" иргэдэд ногдуулах татварын хувь хэмжээг нэмэгдүүлэх уриалгад энэхүү судалгаа нь хүч нэмж байгаа юм. 2020 онд АНУ-ын Сенаторууд болох Элизабет Уоррен, Берни Сандерс нар Ардчилсан намын Ерөнхийлөгчийн сонгуулийн сунгаанд өрсөлдөхдөө хамгийн чинээлэг америкчуудын хуримтлуулсан хөрөнгөөс татвар авах санаачилгыг сурталчилж байсан юм. Мөн эдийн засагчид болон төрийн бус байгууллагуудаас "Их 20"-ийн бүлгийн удирдагчдад хандан чинээлэг иргэдээс үндэсний болон олон улсын түвшинд авах татварыг нэмэгдүүлэх шаардлага хүргүүлж байлаа.
Өмнө нь үндэстэн дамнасан том корпорацуудад ногдуулах татварын доод хэмжээг амжилттай лоббидож байсан “Tax Observatory” энэ удаагийн судалгаандаа тэрбумтнуудын хувиасаа төлдөг бодит татварын хэмжээ нийт хөрөнгийнх нь ердөө 0 хувиас 0.5 хувийн хооронд байна гэж тооцоолжээ. 2021 оны тайлангаас харвал тэдний Засгийн газруудад төлсөн татварын нийт хэмжээ 44 тэрбум ам.доллар байсан байна.
Судлаачдын үзсэнээр тэрбумтнууд холдинг компани ашиглан орлогын албан татвар төлөхгүй байх боломжтой тул тэдний төлж буй бодит татварын хэмжээ бага байх хандлагатай байдаг аж. Ялангуяа орлогын урсгал нь хөрөнгийн зах зээлийн үнэлгээ шиг тодорхой байдаггүй тул хөрөнгийн хэмжээнд нь тулгуурлаж дэлхий нийтээр хүлээн зөвшөөрсөн татварын доод хэмжээ тогтоох нь хамгийн зөв шийдэл болохыг тус хүрээлэнгээс онцолжээ.