
Зургийг: elixirenergy.com.au
Австралийн Хөрөнгийн биржид бүртгэлтэй “Elixir Energy” компани 2022 оны сүүлийн улирлын үйл ажиллагааны тайлангаа танилцууллаа. Тус компани IV улиралд “Номгон” талбайгаас Монголын анхны метан хийг бамбардсанаа онцолж байна.
"Номгон" талбайгаас байгалийн хий гарган авах хэмжээ нэмэгдэж байгаа бөгөөд ирэх саруудад гарцыг тогтворжуулна гэсэн хүлээлттэй байгаагаа мэдэгджээ. Ингэснээр БНХАУ-ын зах зээлд нийлүүлнэ гэсэн төлөвлөгөөтэй байгаа аж.
Түүнчлэн Монгол Улсын газар нутагт хэрэгжүүлж байгаа “Gobi H2” төслийнх нь ТЭЗҮ-ийн өмнөх шатны судалгааг олон улсын консалтинг компани “Aecom”-той хамтран хийж, ирэх сард эцэслэн танилцуулахаар болжээ.
“Elixir Energy” компани дээрх төслийг Японы “Softbank Group”-ийн охин компани “SB Energy”-тэй хамтран хэрэгжүүлж байгаа аж. Тайлан гарч буй энэ үед дээрх хоёр компанийн удирдлага Токио хотод уулзалт хийх гэж байгаагаа мэдээллээ.